НЭГҮҮН МЭДЭЭ
ХОРООЛОЛ ДУНД НОГОО БОРЛУУЛАХ ЭРХ ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ

Төмс, хүнсний ногооны үнэ нэг хэсэг нэмэгдсэн ч шинэ ургацын дараа бууж эхлэв. Тухайлбал, төмсний үнэ наадмын дараа 5000 төгрөг хүрсэн ч өчигдрийн байдлаар “Барс” зах дээр нэг кг нь 1300 төгрөг. Шинэ ногооны үзэсгэлэн худалдаа уламжлал ёсоор долоон дүүргийн 17 байршил, 186 цэгт гарсан. Энэ нь орон нутгийн тариалан эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг дундын зуучлалгүйгээр, зах зээлийн ханшаас хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх. Мөн үзэсгэлэн худалдаанд оролцох ногоочдоос түрээсийн төлбөр, нэмэлт хураамж авахгүй гэж мэдэгдсэн юм. Тэгвэл үзэсгэлэн худалдаагаар ногоочдыг хязгаарлах нь бас өрөөсгөл юм. Хэрэгцээндээ зориулахаас гадна илүү гарсан багахан ногоогоо борлуулж, амьдрал ахуйдаа нэмэр болох гэсэн иргэд бий. Тэд шинэ ногооны үзэсгэлэн худалдаанд оролцоход хүндрэлтэй, нөгөө талаар зах дээр бөөндөж өгөх нь бас л ногоогоо үнэгүй өгч байгаатай ялгаагүй болно. Хадгалах байр савгүйгээс муутгах эрсдэлтэй. Тиймээс энэ асуудалд иргэд өөрт ойрхон хорооллын дунд ногоогоо борлуулах боломж юм. Хорооллын дунд ногоогоо борлуулах боломжтой гэдгийг тэр бүр мэддэггүй. Тэдэнд холбогдох байгууллагын зөвшөөрөл шаардлагагүй. З.Мэндсайхан: Хуулийн арга хэмжээ, түрээс татваргүй ногоогоо борлуулж болно ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаас тодрууллаа. “Хотын даргын тушаал гарч, нийтэд задгай худалдаа эрхлэхийг зөвшөөрсөн. Түүнчлэн нийслэлийн 30 том төвлөрсөн цэг дээр ногооны худалдааг зохион байгуулж байгаа. Мөн жижиглэнгээр худалдаа эрхлэх хүсэлтэй иргэдийн хувьд орон сууц, дүүрэг дотроо ногоогоо борлуулах нь нээлттэй. Ямар нэгэн хуулийн арга хэмжээ, түрээс татвар байхгүй. Харин худалдаа эрхэлсэн газрынхаа хогийг цэвэрлэх ганцхан шаардлагыг тавьж байна” гэв. Тэгэхээр жижиглэнгээр ногоо худалдан борлуулах хүсэлтэй иргэдэд энэ боломж нээлттэй байх нь. Ногоочин А.Хандам: Харин иргэдийн хувьд энэ талын мэдлэг дутмаг байгаа юм. Ногооны худалдагч А.Хандам гэхэд өглөө 10:00 цагтай уралдан Халдвартын эцсийн автобусны буудал дээр тариалсан ногоог зарж сууна. Түүний хувьд өргөн хэрэглээний хүнсний ногоо худалдаалдаг. Тэрбээр “Энэ жил ногоо үнэтэй байсан учир хашаандаа ногоо тарьсан. Гэхдээ ургац арвин байсан. Тиймээс илүү гарсан ногоог худалдан борлуулж байна. Ногоогоо худалдах нь тариалахаас илүү бэрхшээлтэй юм байна. “Барс” зах дээр бөөндөөд өгье гэхээр ченж нар үнэгүй шахуу авах гээд байдаг. Энэ нь тариалсан усны мөнгөнд ч хүрэхгүй. Хадгалах гэхээр зоорь сав муутай. Тийм учраас жижиглэнгээр зарж байна. Мөн иргэн Э.Сарантуяагийн хувьд өөрийн тариалсан ногоогоо хүргэлтээр зардаг. Э.Сарантуяа “Жижиглэнгээр худалдаа эрхлэгчдийг дэмжээд хотхонууд дунд ногоогоо зарах боломжоор хангаж өгөөсэй гэж хүсэж байна. Миний хувьд өөрийн байрны талбайд ногоогоо худалдаалах хүсэлтэй байсан боловч СӨХ-өөс зөвршөөрөхгүй байна. Хэрэв зөвшөөрвөл, хүмүүст илүү хялбар, иргэд гар дамжсан нэмүү өртөг шингэсэн ногоо авахгүй байж болохоор байна. Би өргөст хэмх 3500, улаан лоолийг 5000, шар хулуу 2000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалж байна” гэсэн юм. Ө.Ганзориг: Худалдаа эрхэлсэн газраа цэвэрлэхэд л болно СӨХ-ноос зөвшөөрөл авдаг гэх ногоочин байсан тул бид СӨХ-ноос тодрууллаа. БЗД-ийн 14 хорооны 123 байрны “Арга мэргэн” СӨХ-ийн дарга Ө.Ганзориг “Хотхоны дунд ногоо зарж болно.Болохгүй зүйл байхгүй. Худалдаа эрхэлсэн газраа явахдаа цэвэрлэхэд л болно” гэсэн юм. Тиймээс иргэд өөрийн тариалсан ногоогоо хотхон дунд борлуулах боломж нь нээлттэй. Харин тухайн газрын цэвэрлэгээг л өөрөө хариуцахад болох юм байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ээлжит бус чуулганыг сунгалаа

УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар ээлжит бус чуулганыг наймдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгажээ. Тодруулбал, наймдугаар сарын 22-26-ны өдрүүдэд хуралдах ёстой байсан ээлжит бус чуулган зорилгоо гүйцээгээгүй учир ийн хугацааг нь сунгажээ. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Харин хуулийн дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсныг УИХ-ын дарга Г.Занданашатар өнөөдөр өөрийн биеэр Ерөнхийлөгчид танилцуулснаар хойш Ерөнхийлөгч ажлын гурван өдөрт багтааж, ёсчилно. Тиймээс өнөөдөр УИХ-ын дарга танилцууллаа гэхэд шууд ёсчлохгүй, мягмар гаригаас өмнө ёсчилно. Түүний дараа УИХ Засгийн газрын хуульд өөрчлөлт хийх боломж бүрдэнэ. Тиймээс цаг хугацааны хувьд өнөөдөр дуусах байсан ээлжит бус чуулганыг наймдугаар сарын 31-ний өдөр сунгахаар болжээ.

ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОЖ БАЙСАН 360 ГАРУЙ ИРГЭНИЙГ АЛБАДАН БУУЛГАВ

Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Газрын харилцаа, хот байгуулалтын газрын хамтарсан ажлын хэсэг энэ сарын 18-ны өдөр Ерөө сумын Толгойтын даваа гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлолт явуулж буй иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар гар аргаар ухаж эвдрэлд оруулсан, дунджаар 4.5-11 м гүнтэй 206 ширхэг шруп (нүх) ухсан, нийт 1.42 га талбай олборлолтод өртөж эвдэрсэн нь тогтоогдсон. Ажлын хэсгээс хууль бусаар ашигт малтмалыг гар аргаар олборлож байсан 360 гаруй иргэнд хууль эрх зүйн зөвлөгөө өгч, уулнаас албадан буулгаж, тухайн газарт хамгаалалтын бүс тогтоон, эвдэрсэн 1.42 га газарт нөхөн сэргээлт хийлгэхээр боллоо. Шалгалтын явцад бүртгэгдсэн гэмт хэргийн шинжтэй найман гомдол мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭГДСЭН ХУДАЛДАА ГАРЧ БАЙНА

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар оюутан, сурагчдад зориулж 18 байршилд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж эхэлсэн. Тухайлбал, өчигдрөөс эхлэн Жанжин Д.Сүхбаатарын талбайд хичээлийн хэрэгсэл, хувцас, ном болон бусад эд зүйлсийн нэгдсэн худалдааг дэлгээд байна. Уг үзэсгэлэн худалдаанд: Их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулиудын танилцуулга Зуучлалын болон сургалтын төвүүдийн өдөрлөг Хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдаа Номын нэгдсэн үзэсгэлэн худалдаа Гар утасны үзэсгэлэн худалдаа Компьютерийн үзэсгэлэн худалдаа Бэлэн хувцасны үзэсгэлэн худалдаа Хэрэгцээт бараа солилцох зэрэг худалдаа, үйлчилгээ гарч буй тул иргэд шинэ мэдээ мэдээллийг газар дээр нь авч, хувцас, хичээлийн хэрэглэл, хэрэгцээт бараагаа нэг дороос бэлтгэх нөхцөл бүрдэж буй юм. Түүнчлэн оролцогч байгууллагуудын зүгээс сонирхолтой тэмцээн, уралдаануудыг зохион байгуулах бөгөөд 30,000 төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн тохиолдолд сугалаанд оролцох боломжтой аж. Энэхүү үзэсгэлэн худалдаа наймдугаар сарын 28 хүртэл үргэлжилнэ. Харин бусад байршилд зохион байгуулж буй хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа нь есдүгээр сарын 3-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.

НДШ-ИЙН ДОЛДУГААР САРЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ

Нийгмийн Даатгалын Шимтгэлийн долдугаар сарын буцаан олголтыг өчигдрөөс өгч эхэлжээ. Нийгмийн Даатгалын Ерөнхий Газраас өгсөн мэдээллээр 2022 оны долдугаар сард 270,000 иргэнд 9.3 тэрбум төгрөгийг буцаан олгоно. Буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу өнөөдөр шилжүүлж дуусгах юм байна. Журам ёсоор тухайн сарын буцаан олголтыг дараа сарын 25-наас иргэдийн дансанд шилжүүлж байгаа юм. Нэг сая төгрөг болон түүнээс доош орлоготой иргэн өөрийн төлдөг 9.5 хувийн НДШ-ийн 50%-ийг он дуустал буцаан авах юм.

ЭНЭ ЖИЛ 443 МЯНГАН АВТОМАШИН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОЖ 0 ЗОГСОХ МАГАДЛАЛТАЙ ТООЦОО ГАРСАН

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга С.Адъяасүрэн автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлах шийдвэр гарсантай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Тэрээр "Манай хотын хэмжээнд зорчиж байгаа тээврийн хэрэгслийн тоо, замын даац улам бүр хүнд болж байна. Ашиглалтаас хасагдаж байгаа болон импортоор орж ирсэн тээврийн хэсэгслийн харьцааг харахад ашиглалтаас хасагдаж байгаа нь бага байна. Зам дээрх тээврийн хэрэгслийн тоо 400 мянгаас давсан. Зорчилтын хурд 8.7 км/цаг болж ачаалал ихэсч байна. Өнгөрсөн жилийн мөн үед буюу ЭЕШ-ын хоёрдугаар ээлжийн шалгалтын үед амралтын өдрүүдэд тэгш сондгойгоор хязгаарлаж байсан. Тухайн үед тээврийн хэрэгслийн эрчим өсчихсөн, 418 мянган автомашин хөдөлгөөнд оролцох тооцоо байсан бол энэ жил 443 мянган автомашин зорчих тооцоо гарч, 8-аас доош км/цагийн хурдтай болж, 0 зогсох тооцоо судалгаа гарсан" хэмээв.

БШУЯ: НЭГДҮГЭЭР АНГИЙН ЭЛСЭЛТИЙН БАТАЛГААЖУУЛАХ ХУГАЦААГ ЭНЭ САРЫН 29-НИЙ 12:00 ЦАГ ХҮРТЭЛ СУНГАЛАА

Нэгдүгээр ангийн элсэлтийг баталгаажуулах хугацаа өнөөдөр 17:00 цагт дуусахаар байсныг сунгажээ. Тодруулбал: Нэгдүгээр ангийн элсэлтийг баталгаажуулж амжаагүй эцэг эх, асран хамгаалагчид 2022 оны наймдугаар сарын 29-ний өдрийн 12:00 цаг хүртэл бүртгүүлэх боломжтой боллоо. Өнөөдрийн 15:00 цагийн байдлаар 72,170 хүүхэд бүртгүүлэх боломжтойгоос 39,045 хүүхдийн бүртгэл албажсан байна. Түр түдгэлзүүлсэн төлөвт байгаа хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид сургуулийн элсэлтийн комисстой биечлэн уулзаж, мэдээллээ баталгаажуулахыг БШУЯ-наас мэдээллээ.

НИЙТИЙН ТЭЭВЭРТ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗОРЧИХ КАРТЫГ АНХ УДАА АВАХ ОЮУТНУУД ЦАХИМААР ЗАХИАЛНА

Их, дээд сургуульд шинээр элссэн оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлтэй зорчих Umoney картыг хэрхэн авах талаар Улаанбаатар смарт карт ХХК-аас дараах мэдээллийг гаргажээ. Анх удаа оюутны Umoney карт захиалах гэж байгаа бол энэхүү холбоос дээр дарж, шинэ захиалгын анкетыг бөглөх юм. Ингэхдээ шаардлагатай бичиг, баримтыг заавал хавсаргах шаардлагатай юм. Хүсэлтийг тухайн компани хүлээж авсны дараа нийслэлийн холбогдох байгууллагаар баталгаажуулж, олголт бэлэн болсон талаар мэдээлэл хүргүүлнэ. Бүрдүүлэх материал: Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт Иргэний үнэмлэхийн хуулбар/зураг Суралцах эрхийн бичгийн хуулбар/зураг Онлайнаар төлбөр төлсөн гүйлгээний зураг Карт захиалах үнэ 4,600 төгрөг ба энд дарж төлбөрөө төлөн гүйлгээний зургийг баримтжуулж, анкетдаа хавсаргах шаардлагатай юм. Харин картаа гээсэн эсвэл гэмтээсэн бол нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвийн салбарт очиж, шинээр авах боломжтой.

НӨАТ:ШИНЭЧЛЭЛЭЭР ЗӨВХӨН БҮРТГҮҮЛСЭН БАРИМТЫГ СУГАЛААНД ОРУУЛНА

НӨАТ-ын сугалааг есдүгээр сараас сэргээхээр төлөвлөж байгаа аж. Ингэхдээ илүү дэвшилтэт технологиор шинэчилж, ил тод зохион байгуулдаг болохыг салбарын сайд хэлсэн. Тодруулбал: Өмнө нь бүх хэвлэсэн НӨАТ-ын баримтыг сугалаанд оруулж, бүртгэгдээгүй баримтыг сугалаанд оруулахгүй, азтан тодрохгүй байх асуудал гардаг байсан бол одоо зөвхөн системд бүртгүүлсэн бүх баримтыг НӨАТ-ын сугалаанд оруулахаар болжээ. Тухайн сард иргэн 100 баримт сугалаанд бүртгүүлж оролцсон бол өөрийнхөө утсан дээр харах боломжтой болох аж.

АВТОМАШИНУУДЫГ 08.27-09.03-НЫ ХООРОНД ТЭГШ , СОНДГОЙГООР ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛНА

"Наймдугаар сарын 27-ноос ирэх есдүгээр сарын 3-н хүртэл 8 өдрийн хугацаанд өглөөний 08.00 цагаас 20.00 цаг хүртэл хугацаанд автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаар боллоо. Тодруулбал: Энэ сарын 27, 29, 31, ирэх сарын 2-ны өдрүүдэд сондгой, энэ сарын 28, 30, ирэх сарын 1, 3-ны өдрүүдэд тэгш тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно" гэлээ.

1 ... 151 152 153 154 155 156 157 158 159 ... 297