“БЭЛТЭС МӨРӨН” ХХК-ИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ БУЦААВ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Бэлтэс мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч, удирдлагууд болох Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр 11 цагт эхэлж, мөн өдрийн 20 цаг 40 минутад дууслаа.Урьдчилсан хэлэлцүүлгээр оролцогч нарын гаргасан хүсэлтийн зарим хэсгийг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагааны явцад зарим оролцогчийг хохирогчоор тогтоогоогүй нөхцөл байдал илэрсэн, дүгнэлт гаргасан шинжээчид хуульд заасан эрх, үүрэг танилцуулаагүй тул дүгнэлт үндэслэл бүхий гарсан гэж үзэхэд эргэлзээтэй гэсэн үндэслэл зааж, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ.

Хэргийг энэ хэвээр нь шүүх хүлээн авч шийдвэрлэвэл нийт хохирогчийн эрх ашиг бүрэн хангагдах боломжгүй нөхцөл үүсэх эрсдэлтэй, хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох зарчимд нийцэхгүй юм.

Түүнчлэн шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирлыг гэм буруутай этгээдүүдэд хуваан хариуцуулахыг тооцох зэрэгт чухал ач холбогдолтой. Урьдчилсан хэлэлцүүлгээс гарсан шийдвэрийг хуульд заасан хугацаанд прокурор, оролцогч нарт гардуулах бөгөөд ийнхүү гардан авснаас хойш 14 хоногийн дотор гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй юм.

Прокуророос “Бэлтэс мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч, удирдлагуудад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах) 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн (мөнгө угаах) 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

Эх сурвалж: Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар





Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.