НЭГҮҮН МЭДЭЭ
ДАРАЛТ БУУРУУЛАХ 7 ТӨРЛИЙН ЭМИЙГ ЭМД-ЫН САНГААС 100 ХУВЬ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ОЛГОЖ БАЙНА

ЭМДЕГ Швейцарийн Новартис компанитай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэх 19 төрлийн эмийг ЭМД-ын шимтгэлээ төлсөн хүн бүрд ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй үнээр олгож байна. Өнөөдрийн байдлаар дээрх эмийг 2400 гаруй иргэнд олгож, эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлийг хуваалцлаа.

СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН 16 НАСТАЙ ОХИНЫГ АР ГЭРТ НЬ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ

Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 22:00 цагт “Манай охин гэрээсээс гараад одоо болтол ирэхгүй байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг улсын хэмжээнд шуурхай зохион байгуулж өнөөдөр буюу 11 дүгээр сарын 23-ны өдөр охиныг олж, ар гэрт нь хүлээлгэн өглөө. Иргэд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхэд, эцэг эхийн хооронд ямар нэгэн нууц байхгүй, хүүхдүүдийн нууц зөвхөн эцэг, эхэд аюулгүй хадгалагдаж, тэднээс хамгийн зөв шийдэл, зөвлөгөө өгөх болно гэдгийг ойлгуулж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН “ЧИНГИС ХААН” ЗОЧИД БУУДЛЫН ДЭРГЭД БАРЬЖ БУЙ БАРИЛГАД ГАЛ ГАРЧЭЭ

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн хууль зөрчин барьж байж болзошгүй орон сууцын нэгэн барилгад өнгөрсөн баасан гарагт гал гарлаа. Баянзүрх дүүргийн I хорооны нутаг, “Чингис хаан” зочид буудлын баруун талд, Сэлбэ голын эрэг дээр сүндэрлүүлсэн 25 давхар орон сууцын “Сансар гарден” хотхоны нэг байрных нь 24 дүгээр давхраас энэ сарын 25-ны 20.50 цагийн үед гал эхэлж гарчээ. Дээрх төрийн өндөр албан тушаалтны АТГ-т гаргадаг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгасаар ирсэн, түүний үүсгэн байгуулсан, гадаад худалдааны чиглэлийн “Хаус-Инвест” ХХК-ийн уг барилгад гал гарсан шалтгаан, нөхцөлийг тогтоохоор мэргэжлийн шинжээчид ажиллаж буй гэнэ. Бидэнд олдсон мэдээллээр тухайн барилгын 24 дүгээр давхрыг дулаацуулж, цутгасан бетон зуурмагаа хатаах зорилгоор гал түлэх үед нь шахмал түлшний оч үсэрч амархан шатах зүйлд авалцсанаар шатаж эхэлсэн аж. Барилгачдынх нь өгүүлснээр 24 дүгээр давхрын гадна хэсэгт дулаалах зорилгоор синтфонон хаалтаар хучсан байсан нь шатсан юм байна. Б.Чойжилсүрэнгийн нэр дээрх “Хаус-Инвест” ХХК-ийн “Сансар гарден” хотхоны барилга яагаад хууль зөрчсөн байж болзошгүй гэдгийг тодотгоё. Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболдын хамаарал бүхий “Чингис хаан” зочид буудлын эзэмшил газарт дээрх хотхоныхон найман блок бүхий барилгыг өнгөрсөн хавраас барьж эхэлсэн бөгөөд энэ үедээ Сэлбэ гол руу бохир усаа цутгаж байсныг холбогдох байгууллагынхан тогтоосон. Тодруулбал, нэгэн иргэн Туул голын сав газрын захиргаанд гомдол гаргасны дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Экологийн цагдаагийн албаныхан хамтран шалгасан юм. Улмаар “Хаус-Инвест” ХХК нь барилгын хөрснөөс гарсан шүүрлийн усыг шавхан зайлуулж, Сэлбэ голд нийлүүлж байсныг тогтоон Усны тухай хууль зөрчсөн үндэслэлээр хариуцлага тооцуулахаар холбогдох байгууллагад нь шилжүүлж байв. Гэвч тус компанийнханд ямар хариуцлага тооцсон нь тодорхойгүй, улс төрд нөлөө бүхий албан тушаалтны аж ахуйн нэгж учраас хав дарсан байхыг ч үгүйсгэхгүй. Уг нь УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танхимд нь сууж байгаад 2012 оны тавдугаар сарын 17-нд батлалцсан Усны тухай хуулийн 22.2.1-т “Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэж заасан. 22.2-т нь “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” хэмээн хуульчилсан. Мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын болон Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журамд “Энгийн хамгаалалтын бүсийн заагийг усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй, харин нийслэл болон аймгийн төвийн хот суурины нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын эргээс 500 метр хүртэлх зайд байхаар заасан ч эдгээр заалттай харшилдан “Хаус-Инвест” ХХК барилга барьж буй нь хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзэх үндэслэл болж байгаа юм.

НИЙТ НУТГИЙН 80 ХУВЬ ЗУДЫН ЭРСДЭЛТЭЙ ГАРЧЭЭ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 40 орчим хувьд их, 40 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байна. Харин 19 хувьд бага, таван орчим хувьд хамгийн бага эрсдэлтэй гэж гарчээ. Таван аймгийн 15 суманд зуд болох эрсдэл нэн өндөр байна. Тухайлбал: Баян-Өлгийн Сагсай, Алтай, Увсын Бөхмөрөн, Хяргас, Сагил, Зүүнхангай, Завханы Сонгино, Баянтэс, Алдархаан, Отгон, Баянхонгорын Гурванбулаг, Галуут, Баянбулаг, Өвөрхангайн Уянга, Нарийнтээл сумдад зуд болох эрсдэл өндөр байгаа аж.

Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойн баярын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр боллоо

Шинэ үндсэн хууль батлагдаж, Нутгийн өөрөө удирдах ёсыг, төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр Нутгийн Удирдлагыг хэрэгжүүлэх хууль албан ёсоор батлагдаж, хурлын шинэ үеийн түүх эхэлж өдгөө Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо хөгжсөнөөр 30 жилтэйгээ золгож байна. Үе үеийн төлөөлөгчид, нутгийн удирдлагын байгууллагын ажилтнууд, орон нутгийн удирдлага, төрийн албан хаагчид зэрэг 200 гаруй хүнд #Нутгийн удирдлагын 30 жилийн ойн медаль гардууллаа.

Шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл, боломжийг нэмэгдүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгов

Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Төрийн ордны Эзэн Чингис хааны танхимд Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар оролцлоо. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Статистикийн үндэсний хорооны урьдчилсан мэдээллээр оны эхний арван сарын эдийн засаг 3.9 хувийн өсөлттэй гарч байна. Ковид цар тахлаас хойш эдийн засагт анх удаа эерэг үзүүлэлт гарлаа гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өргөтгөсөн хуралдааны үеэр онцоллоо. Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгосон, Аялал жуулчлалын үндэсний хороог Ерөнхий сайд ахална. Аялал жуулчлалын стандартыг эрс шинэчлэх ажлыг хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран зохион байгуулна. Аялал жуулчлал бол эдийн засгийн хувьд төрөлжүүлэн хөгжүүлэх боломжтой гурав дахь том салбар юм гэдгийг тэмдэглэлээ. Тус хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээх орон нутагт ажлын байр олноор бий болж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх нөхцөл бүрдэж, улмаар аялал жуулчлалын салбараас дотоодын нийт бүтээгдэхүүний 15, түүнээс дээш хувийг бүрдүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл, боломжийг нэмэгдүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгов Өргөтгөсөн хуралдаанаар Улаанбаатар хотоос орон нутагт суурьших иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих тухай асуудлыг мөн хэлэлцлээ. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд хот, хөдөөгийн сэргэлтийн зорилтыг хангах, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл боловсруулж, батлуулахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд үүрэг болголоо. Мөн аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжсэн зорилтыг нэмж тодотгон батлуулах, шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих чиглэлээр Ажлын хэсэг байгуулж, төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын тодорхой хувийг батлагдсан төсөвтөө багтан санхүүжүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хөрөнгө оруулагчдад зориулсан “Шилжилт хөдөлгөөний нэгдсэн мэдээлэл, удирдлага, зохицуулалтын цахим платформ”-ыг бий болгох арга зүй, нэгдсэн удирдлагаар хангахыг Эдийн засаг, хөгжлийн сайдад, цахим платформ үүсгэх арга хэмжээ авч ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад, орон нутгийн ажлын байрны нэгдсэн мэдээллийг хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн e-job системд бүртгэх арга хэмжээ авч ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад, холбогдох мэдээллээр хангаж, дэмжлэг үзүүлж ажиллахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргад тус тус даалгалаа. Засгийн газар орон нутгийг орон сууцжуулах дэд бүтцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, орон нутагт ипотекийн зээлийн хүүг гурван хувьд хүргэх, орон нутгийн төрийн захиргааны албан хаагчийн цалинг 20-100 хувь хүртэл үр дүнд тулгуурлан нэмэгдүүлэх, нийслэл Улаанбаатар хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлэхээр төлөвлөн ажиллаж буй. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 21 аймгаас Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Орхон аймаг улсын төсөвт орлого төвлөрүүлж, бусад нь улсын төсвөөс татаас авч байна. Цаашид аймаг бүр төсвийн орлогоо бие даан бүрдүүлэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалтыг Засгийн газар бодлогоор дэмжиж ажиллах юм.

ОНЦ ХЭРЦГИЙГЭЭР МАНАЙ УЛСЫН ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХОХИРООСОН ОХУ-ЫН ИРГЭНД 15 ХҮРТЭЛХ ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ТӨЛӨВЛӨЖЭЭ

2022 оны есдүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутагт ОХУ-ын Буриад Улсын иргэн Д нь согтуугаар Монгол Улсын иргэн Г-ын толгой хэсэгт алхаар олон удаа цохиж, онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Уг хэргийг Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

НАСАНД ХҮРЭЭГҮЙ ОХИН САНХҮҮ АВНА ГЭСЭН ЗАР ОРУУЛАН 25 ИРГЭНЭЭС 4 САЯ ОРЧИМ ТӨГРӨГ ЗАЛИЛСАН ХЭРЭГ ГАРЧЭЭ

Насанд хүрээгүй Н охин фэйсбүүк орчинд санхүү авна гэсэн зар оруулахад 25 хүн холбогдсон бөгөөд охин эдгээр хүмүүсийн чатыг ар гэрт үзүүлнэ хэмээн айлган сүрдүүлж 4 сая орчим төгрөг авсан хэрэг гарсан байна. Улмаар “урьдчилгаа өгөх хэрэгтэй” гэж 3 хүнээс 150.000 төгрөгийг шилжүүлэн авсан байна. Мөн чатаар харилцсан зурвасыг нь тухайн хүмүүсийн гэр бүл, ойр дотны хүмүүст тараахаар сүрдүүлж мөнгө нэхэн 24 хүнээс нийт 3.520.000 төгрөг авсан үйлдлийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас “залилах” болон “заналхийлэх” гэмт хэрэг гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд ирүүлжээ. Шүүхээс шүүгдэгч Н анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан зэргийг харгалзан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв. Хуульд зааснаар, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээд уг ялыг биелүүлээгүй бол 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих юм. Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. Шүүхийн шийдвэрийн хураангуй бичсэн: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа

LAVLAGAA.E-MONGOLIA.MN СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛСНЭЭР ИРГЭД АРИЛЖААНЫ БАНКУУДАД ЛАВЛАГАА ӨГӨХ ШААРДЛАГАГҮЙ БОЛНО

Төрийн болон хувийн байгууллагууд мэдээлэл солилцох Lavlagaa.e-mongolia.mn системийг нээсэн тухай Цахим Хөгжил, Харилцааны Холбооны Яамнаас мэдээллээИнгэснээр арилжааны банкууд иргэдээс 69 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг нэхэх шаардлагагүй болжээ. Уг системийг ЦХХХЯ, Сангийн Яамны харьяа Гааль, татварын санхүүгийн мэдээллийн технологийн төв, Монголбанк, Үндэсний дата төв, и-Монголиа академи хамтран шийджээ. -Энэхүү систем нь вэб суурьтай тул аль ч байгууллага аваад ашиглах боломжтойг Н.Учрал сайд хэлээд банк, санхүүгийн байгууллага тоон гарын үсэг, и-Монголиа аппликэйшн, эсвэл ухаалаг биш утастай хэрэглэгчийн дугаарт ирэх зургаан оронтой тусгай дугаараар дамжуулан хэрэглэгчээ таних боломжийг бүрдүүлсэн байна.

1 ... 136 137 138 139 140 141 142 143 144 ... 323