КОЙН ГЭСЭН БОЛГОН КРИПТОВАЛЮТ БИШ ! КОЙН БОЛ ХӨРӨНГИЙН БИРЖИЙН БҮТЭЭГДЭХҮҮН БИШ ! САЙН СУДАЛ НЯГТАЛ !
Дэлхий даяар маш олон койн гарч, олон нийтийг шуугиулж, цаагуураа эрсдэлийг дагуулсаар байгаа. Зарим хүмүүс Койн удахгүй мөнгийг орлож, төлбөрийн хэрэгсэл болно хэмээн үзэж байгаа. Тэгвэл зарим нь нэн эрсдэлтэй санхүүгийн схем ч гэж үзэж байгаа юм. Криптовалют гэдэг зүйл зөвхөн манайд ч биш, дэлхий дахинд нэгэн шинэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн, трэнд болчихсон. Олон улсад гарч байгаа койнуудын дийлэнх хувь нь хүмүүсийн богино хугацаанд ашиг олох гэсэн хүсэл дээр суурилж гарсаар байгаа юм. Бусад улс оронд янз бүрийн хуулийн зохицуулалт байдаг ч Монгол улсад хараахан хуулийн зохицуулалтгүй. Нарийвчилсан зохицуулалт хомс, олон нийтийн ойлголт хангалтгүй байгаа тул хөрөнгө оруулагчид хохирох, алдагдалд орох тохиолдол олон ч гардаг. Тодруулбал : олон улсад Onecoin гэх блокчейн технологид суурилаагүй, хуурамч сүлжээ олон иргэнийг хохироосон хэрэг гарч байсан. Тэгэхээр койн гэсэн болгон криптовалют биш байх эрсдэл байгаа тул иргэд маш сайн судалсны үндсэн дээр хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. -Сүүлийн үед иргэд хөрөнгийн захын мэргэжилтнүүдээс хувьцаа авах уу, койн авах уу, эсвэл бонд авах уу? гэж хандсаар байгаа гэнэ. Тиймээс ч дараах тодруулгыг мэргэжлийн хүмүүс онцолж байгаа юм. Товчхондоо бирж дээр арилжигдаж байгаа хувьцаа болон бондын ард талд бодитой компани, бизнес, хөрөнгө, орлогын эх үүсвэр байдаг. Гэтэл дийлэнхи койны ард талд бодит хөрөнгө, орлогын эх үүсвэр бүрдүүлэгч байдаггүй. Монголын Хөрөнгийн бирж дээр гарч байгаа хувьцаа, бондыг Санхүүгийн зохицуулах хороо, бирж хянаж, үнэлгээг нь нягталсны үндсэн дээр олон нийтэд арилжаалах зөвшөөрөл олгодог. Мөн Хороо, Сангийн яамнаас зөвшөөрөл авсан аудитын, үнэлгээний компаниуд гэх мэт олон талын оролцоотойгоор хувьцаа, бонд болон бирж дээрх бусад бүтээгдэхүүний хяналт хийгддэг байна. - Гэтэл койныг хянаж байгаа субъект одоогоор монгол улсад байхгүй. Тиймээс найдвартай хөрөнгө оруулалт хийхийн тулд олон шалгуур даван хөрөнгийн зах дээр гарч ирж байгаа хувьцаа болон бондод хөрөнгө оруулалт хийх нь эрсдэл багатай гэдгийг онцолж байна. Мөн койн бол хөрөнгийн биржийн бүтээгдэхүүн биш гэдгийг Монголын Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай онцоллоо. Тэрээр хэлэхдээ : -Монголын хөрөнгийн бирж албан ёсоор, хуулийн хүрээнд арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч, зохицуулалттай үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор ямар ч койн арилжаалдаггүй. Койн арилжаалж байгаа биржүүд гэдэг нь үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд биржийн зөвшөөрөл аваагүй онлайн платформууд юм. Биржээр их хэмжээний мөнгө дамжиж, иргэдийн мэдээлэлтэй харьцаж байдаг учраас программ хангамж, эрсдэлийн удирдлага, мэргэшсэн боловсон хүчин гээд маш олон шалгуур хангаж байж бирж болдог. Хөрөнгийн бирж гэдэг яг л банктай адилхан, иргэдийн санхүү мөнгөтэй харьцдаг, хуулийн тусгай зохицуулалтад байдаг байгууллага шүү дээ. Койнууд болон ижил төстэй бүтээгдэхүүнүүдийг бүртгэлжүүлэх, койны арилжаанд зуучилж буй платформуудын үйл ажиллагааг зохицуулах хуультай болох ёстой хэмээн онцолжээ. Энэ нь нэг ёсондоо монгол улсад хараахан хуульчлаагүй байгаа Койнруу хамраа дүрэхээсээ өмнө сайн судал гэдгийг л иргэдэд сануулсаар байгаа юм. Хуульчлаагүй зүйлд хамаг хөрөнгөө даатгаад дараа нь гарах эрсдэлээ тооцоолох боломжгүй. Одоогийн байдлаар УИХ дээр Виртуал хөрөнгийн хуулийн төсөл хэлэлцэгдэж байна. Энэ хууль батлагдсанаар криптовалютын арилжаа эрхэлж буй этгээдүүдийн үйл ажиллагааг хяналт зохицуулалтад оруулж, хөрөнгө оруулагчид хохирох эрсдэлийг бууруулах, тэдний эрх ашгийг хамгаалах, криптовалютын гүйлгээ, арилжаанаас олсон орлогод татвар ногдуулах, далд эдийн засгийг хумих зэргээр криптовалюттай холбоотой эрх зүйн орчныг сайжруулах нөхцөл бүрдэх талтай юм. - Гэхдээ энэ бол зүгээр л хуульчилсан цагт хөрөнгөө хуулийн дагуу хамгаалуулна гэсэн үг. Яг үүнтэй зэрэгцэн манай урд хөршид томоохон хориг тавигдаж эхлээд байна. Жишээлбэл : БНХАУ-ын төв банк крипто-валютын бүх төрлийн гүйлгээг хууль бус хэмээн зарлаж Bitcoin тэргүүтэй дижитал токенуудыг хориглоод байна. Төв банкны мэдэгдэлд "Виртуал валюттай холбоотой бизнесийн үйл ажиллагаа нь хууль бус санхүүгийн үйл ажиллагаа юм. Уг үйл ажиллагаа нь ард түмний эд хөрөнгийн аюулгүй байдалд эрсдэл учруулж байгааг анхааруулж байна" гэв. Хятад улс нь крипто-валютын арилжааны хамгийн том зах зээлийн нэг бөгөөд тус улс дахь гүйлгээний өөрчлөлт дэлхийн крипто-валютын үнэд хүчтэй нөлөөлдөг. Улмаар Хятадын төв банкны мэдэгдлийн дараа Bitcoin-ы ханш 2000 ам.доллараар унаад байна. Хятад улс энэ төрлийн гүйлгээг 2019 онд албан ёсоор хориглосон ч иргэд гадаад биржээр дамжуулан идэвхтэй байсаар байгаа юм. Харин одоогоос тус улс крипто-валютын гүйлгээг бүх талаар нь зогсоохыг хүсэж байна. Энэ төрлийн хууль бус үйл ажиллагаа эрхлэгчийг гэмт хэрэг үйлдэж байна гэж үзэх бөгөөд зохих хариуцлагыг ногдуулна гэж мэдэгдэлд дурджээ. Мөн крипто-валютын гүйлгээг хийдэг гадаадын вебсайтуудын үйл ажиллагааг хууль бус хэмээн онцлоод байна.