С.ГАНБОЛД: 8-9 ӨРӨӨ ТАСАЛГААНД БАЙСАН ЭД ХӨРӨНГИЙГ Л АВРАН ХАМГААЛЖ ЧАДСАН

Өчигдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байрлах Шинэ Мөрөн худалдааны төвд гарсан галын талаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Ганболдоос тодрууллаа.

-Одоо нөхцөл байдал ямар байна вэ?

-Товч мэдээлэл өгье. Өчигдөр бид 04 цаг 39 минут ажиллаад 02:21 цагт галыг бүрэн унтраасан.  Галын тархалтыг 00:35 цагт зогсоосон. Аймгийн онцгой комиссыг шөнө яаралтай хуралдуулсан. Хуралдаанаар үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ажлын хэсэг байгууллаа. Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан баг шуурхай ажиллахаар бэлэн болоод байна. 

-Тус худалдааны төвд хэчнээн түрээслэгч худалдаа эрхэлж байсан юм бол?

-Бидэнд байгаа мэдээллээр 260 орчим түрээслэгч үйл ажиллагаа явуулж байсан гэсэн мэдээлэл байна. Дээрээс нь түрээслэгч орж гараад, эргэж ордог учраас 250 орчим гэсэн багцаа гарсан. 

-Онцгой байдлын газрыг очиход нөхцөл байдал ямар байсан бэ. Ямар арга хэмжээг шуурхай авав?

-Гал унтраах ангийг очиход хоёр давхар нь нэлэнхийдээ асалт явагдсан байсан. Сэндвичин барилга учраас асалт маш хурдан явагдсан. Нэг давхар руугаа орохын өмнө бид ус ороогүй хэсэг болон дээврийн хэсэг нь цөмрөөгүй 8-9 өрөө тасалгаанд байсан эд хөрөнгийг л авран хамгаалж, аюулгүй газарт гаргаж чадсан. 

-Галыг нөхцөл байдлыг урьдчилсан байдлаар тогтоосон болов уу?

-Аймгийн цагдаагийн газар, онцгой байдлын хамтарсан ажлын хэсэг дүгнэлтийг гаргахаар ажиллаж байна. Түүний дараа хэчнээн түрээслэгчийн ойролцоогоор хэдий хэмжээний эд хөрөнгийг авран хамгаалсан, галд өртсөн гэдэг нь эхний байдлаар гарна. Нарийвчилсан галын шалтгаан нөхцөлийг одоохондоо тогтоох боломжгүй. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн шалтгаан нөхцөлийг тогтоогоод, дээжийг хүргүүлээд тодорхой хуульд заагдсан хугацаанд хариу дүгнэлтийг гарган ажиллах зохицуулалттай. 

-Нэлээд том объект байсан. Гал унтраах арга хэмжээг хэрхэн зохион байгуулав?

-Онцгой байдлын алба хаагчдын зүгээс иргэдийн эд хөрөнгийг галд болон уснаас аврахын тулд ажилласан. Зөвхөн галд эд хөрөнгө үрэгддэг юм биш шүү дээ. Гал унтраах үйл ажиллагааг усаар явуулж байгаа. Ус нэвчиж эд хөрөнгө чанар биет байдлаа алдах эрсдэл байдаг учраас ус нэвчээгүй павильонд байсан бараа материалуудыг аврах, гал оруулахгүй байх үйл ажиллагааг давхар явуулж байгаа юм. Унтраах болон аврах үйл ажиллагааг давхар зохион байгуулдаг гэсэн үг.   

-Иргэд гал гарах үед гадаа нь оччихсон нэг давхрын цонхыг хагалаад гаргах боломжтой зүйлүүдийг гаргаж зөөж байсан. Ямар нэгэн байдлаар галд өртөж, эрүүл мэндэд нь эрсдэл учирсан иргэн, алба хаагч бий юу?

-Иргэдийг тэсэрч дэлбэрэх бодис агуулж байсан эсэх дээр сэргийлж ажилласан. Газ, аккумлятор арилжаалдаг бол тэсэрч дэлбэрэх эрсдэлтэй. Галын аюулыг дэмжих эрсдэлтэй бодис бий юу гэх асуулгыг шуурхай асуумжаар авч, цонхоор шуурхай эд хөрөнгүүдийг гаргах ажиллагаа зохион байгуулсан. Иргэд болон алба хаагчид энэ галд ямар нэгэн байдлаар өртсөн, гэмтэж бэртсэн зүйл байхгүй.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.