ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК БОЛОН, ХӨГЖЛИЙН БАНК ХОЁРЫН ДУНД 27 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ШАХАА БАЙГААГ НУУН ДАРАГДУУЛСАН УУ???

Төр, төрийн үйл ажиллагаанд хяналт үгүй болж, төрийн өмч хөрөнгө, төсөв санхүүг зүй бусаар зарцуулагчдад хүлээлгэх хариуцлагын тогтолцоо үгүй болсноос төсөв эрх мэдэлтнүүдийн гарын аясаар урссаар байна. Татвар төлөгчдийн мөнгөөр туйлсан шахааны бизнесийг төр дэмжиж байгаа олон  жишээний нэг нь Хөгжлийн банкны эргэн тойронд өрнөөд байгаа асуудлууд билээ. Тэгвэл Хөгжлийн банкны байр нь өөрөө маш ноцтой асуудал дагуулсан нь ил боллоо.

Худалдаа хөгжлийн банк нь одоогоос долоон  жилийн өмнө Хөгжлийн банканд 27 тэрбум төгрөгөөр буюу нэг метр квадратыг нь 8,3 сая төгрөгөөр үнэлж оффиссын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдаалсан нь шалгалтаар тогтоогдоод байна. Тодруулбал 2015 оны долдугаар сарын 06-ны өдөр "Хөгжлийн банк" нь "Худалдаа хөгжлийн банк"-тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийжээ. Ингэхдээ Худалдаа хөгжлийн банк нь  Хөгжлийн банканд тус байрыг худалдаалжээ. Худалдаа хөгжлийн банк нь одоо "Хөгжлийн банк"-ны байрлаж байгаа 11,12 давхрын оффисын зориулалттай 3 240 м2 талбайг худалдахдаа нэг метр квадратыг нь 8,3 сая төгрөгөөр үнэлж, 27 тэрбумаар, мөн тус байрны В1 давхарт байрлах 10 ширхэг автомашины зогсоолыг 775 сая төгрөгөөр үнэлэн тухайн үед худалдаалсан байна.

Ийнхүү нийтдээ 27 тэрбум 775 сая төгрөгөөр "Хөгжлийн банк" байртай болсон байдаг. Гэхдээ Худалдаа хөгжлийн банк нь 14 давхар барилга бариулсан өртгөөрөө л хоёрхон давхрыг нь төрд худалдаж, зардлаа нөхөн бас ч үгүй 775 сая төгрөгийн ашиг харсан наймаа хийсэн байна.

Тус байрыг Худалдаа хөгжлийн банкны захиалгаар 14 давхар барилгыг 27 тэрбумаар "Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатын "Өндөр буянт" ХХК бариулсныг УИХ-ын ажлын хэсэг шалгалтаар тогтоож нэр бүхий гишүүд "Худалдаа хөгжлийн банк" нь 27 тэрбум төгрөгөөр бариулсан 14 давхар байрныхаа хоёрхон давхрыг Хөгжлийн банканд 28 тэрбум төгрөгөөр шахсан нь дээрэм гэж үзэж Худалдаа хөгжлийн банканд байрных нь хоёр давхрыг буцааж өгөөд 27 тэрбум төгрөгийг олж авах үүргийг УИХ-аас "Хөгжлийн банк"-ны удирдлагуудад тухайн үед өгсөн байдаг. Хөгжлийн банкны удирдлагууд энэ асуудлаар Худалдаа хөгжлийн банканд хандаж, наймаагаа буцаах асуудлыг ярилцаж...талуудын аль аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж үүргийг дуусгавар болсон байна. Иймд, танай банкнаас ирүүлсэн албан бичигт дурдсанчлан бүрэн хэрэгжиж дуусгавар болсон гэрээг цуцлах хууль зүйн үндэслэл байхгүй болохыг үүгээр уламжилж байна" гэх хариуг өгчээ.

Хоёрхон давхрыг бүхэл бүтэн 14 давхар барилга бариулсан өртгөөр худалдаж авсан "Хөгжлийн банк" аргаа барахдаа тус байрыг түрээслүүлэхээр сонинд зар өгч үзсэн байна. Гэвч үр дүнд хүрээгүй аж. Тийм өндөр үнэтэй оффисыг түрээсэлдэг, худалдаж авдаг аж ахуйн нэгж, байгууллага гэж хаа байхав. Төр л төсвөө үрж, ядсандаа л тийм өндөр үнэтэй оффисыг худалдаж аваа биз.

Хоёр талын байгуулсан гэрээнд Худалдаа хөгжлийн банкийг төлөөлж тус банкны гүйцэтгэх захирал асан Б.Мэдрээ, холбогдох орлогч захирлууд гарын үсэг зурсан бол Хөгжлийн банкийг төлөөлж тус банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат гарын үсэг зурсан нь дээрх баримтаас харагдаж байна.  Ямартай ч Хөгжлийн банкны энэхүү хэрэг дээр АТГ ажиллаж, тус байрны хоёр давхар, граж нь 27,7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үү, үгүй юу гэдгийг дахин үнэлэхээр болсон ч өнөөдрийг хүртэл дарагдаж яваа учир нь чухам юм бол үүгээр ч үл барам Худалдаа хөгжлийн банк ны тус байрны 11, 12 давхарт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн өдрөөсөө эхэлж СӨХ-д сар бүр 20 сая төгрөгийг төлдөг байж. Харин шинэ удирдлагууд нь 20 сая төгрөг их байна хэмээн үзэж сар бүр 9 сая төгрөгийг СӨХ-нд тушаадаг болсон гэх мэтчилэн татвар төлөгч ард түмнийхээ төсөвт төвлөрүүлдэг мөнгийг хэн нэгний бизнесийг дэмжих зорилгоор улаан цайм дээрэмдэж байгаа нь туйлын харамсалтай.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.