"ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР" ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН ЯВАГДАЖ БАЙНА

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг хангах үүднээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 06 сарын 04-ний өдрийн А/76 тоот тушаалаар Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Нэгдсэн стратеги, бизнес хөгжлийн газрын Ахлах менежерээр ажилладаг Ядамсүрэн овогтой Өлзийболдыг томиллоо.


"Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Өлзийболд нь "Үндэсний давхар даатгал” ХК, МИАТ ХК зэрэг төрийн өмчит компаниуд болон олон улсад ажиллаж байсан туршлагатай. 

Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Өлзийболд өнөөдөр компанийн нэгжийн удирдлагуудтай шуурхай хуралдаж, үйлдвэр, уурхайн өнгөрсөн сарын ажлын гүйцэтгэлтэй танилцан, энэ сарын ажлын төлөвлөгөөг хэлэлцэж тодорхой чиглэлүүд өглөө. 


"Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь өнгөрөгч 5 дугаар сард уул уурхайн үйлдвэрлэлээрээ 255 орчим мянган м.куб хөрс хуулалт хийж, 253 мянган тонн хүдэр олборлож, 308 мянган тонн хүдэр боловсруулсан бол, гангийн үйлдвэрлэлээрээ 3272 тонн бэлдэц , 3104 тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэж төлөвлөгөөгөө давуулан биелүүлж ажилласан. 


Энэ сарын төлөвлөгөөгөөр гангийн үйлдвэрлэлээр 4800 тонн бэлдэц, 4000 тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бол уул уурхайн үйлдвэрлэлээр 276 орчим мянган м.куб хөрс хуулалт хийн, 298 мянган тонн хүдэр олборлох, 288 мянган тонн хүдэр боловсруулахаар тус тус төлөвлөн үйл ажиллагаа тогтвортой хэвийн үргэлжилж байна.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.