БНУУ-ын Ташкент хотноо зохион байгуулагдаж буй “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хүнсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн зорилтууд” дээд хэмжээний чуулганы үеэр НҮБ-ын ХXAAБ-ын Ерөнхий захирал Чү Доньютай хоёр талт уулзалт зохион байгууллаа.

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо зохион байгуулагдаж буй “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хүнсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн зорилтууд” дээд хэмжээний чуулганы үеэр Монгол Улсын Их хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Чү Донью нар хоёр талт уулзалт зохион байгууллаа.

Ж.Энхбаяр сайд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага нь энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулж буйд баяр хүргэв. Ерөнхий захирал Чү Донью энэхүү дээд хэмжээний чуулга, уулзалтад ач холбогдол өгч, Ж.Энхбаяр сайдыг оролцож буйд талархал илэрхийллээ. 

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн Олон улсын жил”-ийг Монгол Улсад тэмдэглэх шийдвэрээ зарласантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлэх санаачлага, арга хэмжээг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага нь дэмжиж ажиллахаа мэдэгдэж, 2024 оны 10 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотноо зохион байгуулагдах “Дэлхийн хүнсний чуулга”-ны үеэр энэ асуудлыг дэмжлэг үзүүлэх улс орон, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болон олон улсын донор байгууллагуудын хамт нарийвчлан хэлэлцэхээр харилцан тохиролцов.

  Монгол Улсын Засгийн газар энэхүү чухал арга хэмжээг зохион байгуулахын зэрэгцээ 2026 онд Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын суурь конвценцийн хүрээнд Талуудын 17 дугаар бага хурал (СоР 17), Олон Улсын цаатангуудын 8 дугаар их хурал зэрэг чухал ач холбогдолтой олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.