Б.ХҮДЭРБОЛДЫГ 10 ХОНОГ ЦАГДАН ХОРИНО

Дорноговь аймаг дахь Авто тээврийн төвийн даргаар ажиллаж байгаад АТҮТ-ийн удирдлагын дэмжлэгээр нийслэл рүү шилжин ирж удирдах албанд томилогдоод удаагүй Б.Хүдэрболдыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна. Улмаар АТГ-аас  наймдугаар сарын 31-нд түүнийг  хойшлуулшгүй ажиллагаа явуулж Б.Хүдэрболдыг  48 цагийн хугацаатай цагдан хорьсон.Тэгвэл түүнийг цагдан хорих 48 цагийн хугацаа өнөөдөр дууссан бөгөөд үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих прокурорын саналыг шүүхээр хэлэлцэж, улмаар 10 хоног цаган хорих шийдвэр гаргажээ. Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж шалгаж байгаа.Түүнийг Дорноговь аймгийн Авто тээврийн төвийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас багагүй хэмжээний хахууль авсан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн ийн шалгаж байна. Тодруулбал, Б.Хүдэрболдын  гэр бүлийнхэн “Чандмань цагаан хад” компанийн нэрээр олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл гаргуулан авч, нүүрс тээврийн бизнес эрхэлж их хэмжээний ашиг олсон, даатгалын компанид давуу байдал олгосон зэрэг хэд, хэдэн үндэслэлээр шалгаж эхэлсэн бололтой.

Б.Хүдэрболд нь өнгөрсөн зун ял шийтгүүлсэн АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн Бүртгэл, хяналтын тасгийн дарга Ч.Болорын оронд тус албан тушаалд томилогдсон. Өмнөх дарга Ч.Болорын хувьд Увс аймгийн Улаангом сумын уугуул, “Алдар” спорт хороо, ҮБХИС-ийн Сургалтын хэлтсийн хээрийн сургалтын төвийн офицер, улсын гарьд Ө.Бат-Орших болон иргэн Б.Доржсүрэн нараас 1-2 сая төгрөгийн хахууль авч тээврийн хэрэгслүүдэд нь “азын” гэх дугаар олгосон гэм буруутайг шүүх тогтоосон. 

Улмаар энэ гурван хүнд 10-18 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, төрд ажиллах эрхийг нь хассан.
 Өдгөө АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст дээр дурдсан Б.Хүдэрболдоос гадна АТҮТ-ийн дэд захирал Х.Баярхүүг албан тушаалаа урвуулж, Увс аймагт хүнд даацын ачааны олон автомашин оношилгоонд оруулж тэнцүүлэн бусдад давуу байдал бий болгосон үндэслэлээр шалгаж мөрдөн байцаалт удахгүй дуусах гэж байна. Мөн УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгээс хүргэнээрээ дамжуулан 100 000 ам.долларын хахууль авсан АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламыг нэмж шалгаж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.