25 April 2020
10 mins read
159k Views
Хятад иргэд рецидив гэмт хэрэгтнүүдийг хөлслөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд орших “Андын илч” компанийн уурхайг дээрэмдэж авсан хэрэг гарсан талаар өчигдөр мэдээлсэн. Тэгвэл энэ хэргийг тус аймгаас нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, аймгийн ИТХ-тай хамтран зохион байгуулж, уурхайд хөрөнгө оруулсан Монголын иргэд компаниудыг олон тэрбум төгрөгөөр хохироосон ноцтой мэдээллийг хүргэж байна. “Андын илч” уурхай нь Хятадын талаас 51 хувь, Монголын тал буюу Сүхбаатар аймгийн ИТХ-аас 49 хувийн хөрөнгө оруулалттай бөгөөд дүрмийн дагуу БНХАУ-аас гүйцэтгэх удирдлагыг томилдог, уурхайн дарга, хамтрагчдаар дандаа хятад хүмүүс ажилладаг байжээ. Харин 2021 онд БНХАУ-ын талаас компанийн гүйцэтгэх захирлаар Туяа хэмээх өвөрмонгол эмэгтэй, уурхайн дарга буюу үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар О.Энхбаяр нар томилогдож ирснээр байдал өөрчлөгдсөн байна. Туяа хамтрагч түншээрээ дандаа Монголын компани хувь, хүмүүсийг сонгож, монголчуудтайгаа хамтраад компанийн өнгө төрхийг өөрчлөн, ажилчдын тав тухтай ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлж бүгд урам зоригтой ажиллаж байсан байдаг. Балгас шахуу байсан ажилчдын байрыг засаж, халуун устай болгож, гаднаа нүхэн жорлонтой байсныг дотроо “00”-той болгож, Монгол Улсаас тавьдаг стандартуудыг бүгдийг нь ханган, өөриймсөг ажиллаж байсанд уурхайн ажилчид ам сайтай байдаг. Гэтэл энэ өөдрөг байдал хөндлөнгийн этгээдийн шуналаас болж жилийн дараа саатсан байна. Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Цээсүрэн Тодруулбал, Монголын талын хувь эзэмшигч болох Сүхбаатар аймгийн ИТХ-ыг төлөөлөн ТУЗ-ын даргаар ажилладаг Ж.Цээсүрэн болон Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч асан Э.Лутбаяр нар нь маш их хөрөнгө мөнгөтэй Жан Чуан, Шин Вейдонг гэгч хятадуудыг олж авчраад 51 хувь эзэмшигч “Жинжөү Бай Хуй” ХХК-ийн тамга тэмдэг, ерөнхий захирал Минг Фаншингийн гарын үсгийг хуурамчаар хийсэн албан бичиг үйлдэн, уг бичгийн дагуу ТУЗ-ын хурал хуралдсан мэт жүжиг зохион Туяаг огт оролцуулалгүй, мэдэгдэх ч үгүйгээр гүйцэтгэх захирлын суудлаас огцруулж, Жан Чуаныг оронд нь томилжээ. Монголын тал “Андын илч” ХХК-ийн 49 хувийг эзэмшдэг, ТУЗ-ийн есөн гишүүний дөрвийг л бүрдүүлдэг ч ТУЗ-ын даргыг томилдог, ТУЗ-ын дарга гишүүдийн саналыг үндэслэн компанийн гүйцэтгэх удирдлагыг томилох эрхтэй байсан нь түүнийг ийнхүү зоримог хөдлөх шалтгаан болсон байна. Туяаг гүйцэтгэх захирлаас чөлөөлж, Жан Чуаныг томилсон ТУЗ-ын хурал бодитоор болсон эсэх нь нотлогддоггүй. Хурал болсныг өөрт нь мэдэгдээгүйн дээр дөнгөж нэр дэвшиж орж ирж байгаа Жан Чуан, Э.Лутбаяр нарыг оролцуулан байж саналын тоо гүйцээсэн зэрэг нь Компанийн тухай хуулийг ноцтой зөрчсөн тул Туяа гомдол гаргаж, хууль хяналтын байгууллагаар шалгуулж байх завсар Ж.Цээсүрэн, Жан Чуан нар УБЕГ-ын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хандаж, компанийн тамга тэмдэг, гэрчилгээ бүрэн бүтэн байсаар атал нэр өөрчлүүлэн шинээр гаргуулж авсан байдаг. Улмаар олон нийтийн дунд дуулиан тариад буй, зэвсэглэсэн этгээдүүд хөлсөн уурхайг хүчээр булааж авах ажиллагааг энэ сарын 12-ны өдөр зохион байгуулжээ. Цар тахлын хүнд үед ч бүтээн байгуулалт хийж, өнгөрсөн жилээс л дөнгөж зардлаа нөхөхөөр ажиллаж байсан уурхайг мөнгөтэй хятадуудад шилжүүлэх гэсэн санаархал ямар зорилготой, Ж.Батсуурь гишүүн яагаад зохион байгуулагч гэж үзэж байгааг одоо тайлбарлая. Уурхайг Ж.Цээсүрэнгийн дэмжлэгтэйгээр монголчуудаас дээрэмдсэн Жан Чуан Хятадаас анх Монгол Улсад орж ирээд “Андын илч” ХХК-ийн ТУЗ-ын гишүүд, Сүхбаатар аймгийн ИТХ-ынхан, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нартай “Дарьганга” зочид буудалд шөнөжин архидсан гэх бөгөөд энэ үед түүний сонгуулийн мөнгийг босгох асуудал яригдсан байдаг. “Э.Лутбаярыг ТУЗ-д оруулах” гэх зэрэг, “Жиньжөү Бай Хуй” ХХК-ийн захирал Минг Фаншинг бичсэн мэтээр Ж.Цээсүрэнгийн хуурамчаар үйлдсэн бичгийн агуулгыг урьдчилан ярьж байжээ. Мөн “Жан 11 сая юань оруулсан”, “Жү 22 саяыг оруулна”, “Форд, 200 авч өгсөн” гэх мэт авлигын гэмт хэрэг байж болох олон ноцтой баримтыг дурдаж байсан байна. Тэрбээр уг уулзалтад оролцсон гэдгээ машид нууцалж, зочид буудал руу орж гарсан бичлэгээ устгуулсан. Гэсэн ч Ж.Батсуурь тэнд байсан, Жан Чуаны түүнд өгсөн бэлгийг орчуулагч Эрдэнэтогтох буудал руу барьж орсон хэмээн буудлын ажилчид болон цуг байсан хүмүүс нь баталдаг. Хуулийнханд түүнийг тэнд байсан эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай. Бүхэл бүтэн аймгийн ИТХ зүв зүгээр ажиллаж байсан компанийнхаа монгол хөрөнгө оруулагчдыг дээрэмдэж, мөнгөтэй хятадуудыг оруулж ирсний учир нь ирэх жил болох сонгууль, түүнд зарцуулагдах хөрөнгө гэдгийг ойлгоход нэг их ухаантай байх шаардлагагүй. Эрсдэл үүрээд, хөрөнгөө оруулаад орж ирсэн Монголын компаниуд Ж.Батсуурь зэрэгт мөнгө өгнө гэж юу байхав. Чухам энэ учраас л болзлыг нь дагаж, үгээр нь байх хятадуудыг олж авчран хүчээр томилсон байж таарна. Сүхбаатар аймгийн засаг даргын орлогч асан Э.Лутбаяр БНХАУ-ын иргэн Жан Чуан, Шин Вейдонг, өвөрмонгол Эрдэнэтогтох, Сүхбаатар аймгийн засаг даргын орлогч асан Э.Лутбаяр нарын шуналын сэдэлтэй уг хуйвалдааны уршгаар Монголын компани, хувь хүмүүс олон тэрбумын хөрөнгөө алдаж хохирсон. Маргаан эхэлснээс хойш Жан Чуан нь “Танай мөнгийг гаргаад өгчихнө, санаа зоволтгүй” гэдэг байснаа сүүлд бичиг баримт шинээр гаргуулж, уурхайг булааж авснаасаа хойш “Юу ч өгөхгүй” гэдэг болсон ажээ. Тэр ч бүү хэл, уурхайн 51 хувийг эзэмшигч “Жиньжөү Бай Хуй” компанийг ч бүтнээр нь авчихья гэж аархдаг байсан бөгөөд үнэхээр ч “Би бичиг явуулаагүй, залилсан байна” гэж ам шүд алдаад байсан Минг Фаншинг захирал бичиг баримт шинээр гаргуулж авсны дараа компаниа Жан Чуаны нэр рүү шилжүүлсэн аж. Чухам энэ нь Жанг оодруулж, Монголын компанид оруулсан хөрөнгийг нь гаргаж өгөхгүй гэж даналзах үндэслэл болсон бололтой. Энэ баримт Жан Чуаныг асар их мөнгөтэй төдийгүй 49 хувийг эзэмшигч Монголд өндөр албан тушаалтан, нөлөө бүхий ар талтайг илтгэдэг. УИХ-ын сонгуульд нэр дэвшигч санхүүжилтээ гаднын улсаас авна гэдэг маш ноцтой бөгөөд Хууль зүйн сайд Х.Нямбаатар энэ мэдээллийг анхааралдаа авч, нарийн шалгана гэж найдаж байна.