ТОГЛООМЫН ТАЛБАЙД ДАЙРУУЛСАН ХҮҮХДҮҮД НЬ ХАВСАРСАН ГЭМТЭЛТЭЙ ГЭХ ОНОШООР ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА

Өчигдөр /2024.08.28/ приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч хүүхдийн тоглоомын талбай мөргөж, улмаар олон хүүхэд гэмтсэн зам тээврийн осол гарсан. 

Тодруулбал, Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо "Шинэ өргөө" хорооллын хүүхдийн талбайг Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолооч Б гэгч нь дайрч, дөрвөн хүүхэд мөргөж гэмтээсэн. Энэ талаарх дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллага өнөөдөр 13:12 цагт хүлээн авч шалгахад иргэн Б нь Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хүүхдийн тоглоомын талбай руу орж тоглож байсан явган зорчигч 6-9 насны нийт 4 хүүхдүүдийг мөргөж гэмтээсэн байдаг. Уг хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байгаа юм. 

Хүүхдүүдийн биеийн байдал ямар байгаа талаар ГССҮТ-өөс тодруулахад "Гурван хүүхдийг хавсарсан гэмтлийн цээжний хөндийн зөөлөн эд болон гар шууны хугаралтай гэх оношоор хэвтэн эмчлүүлж байна. Харин нэг хүүхдийг ГССҮТ-ийн амбулаториор үзлэгт шинжилгээнд хамруулж байгаа" гэлээ.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.