Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул

“Хүний эрхийг хангах, Алба хаагчдын аюулгүй байдлыг хангах чиглэлд Цагдаагийн  байгууллагаас онцгой анхаарч, стандарт, шаардлага хангасан уулзалт, мэдүүлгийн өрөөний тоог нэмэгдүүлж, бүрэн камержуулж, камерын бичлэгийн хадгалалт, хамгаалалтын үйл ажиллагааг сайжруулж арга хэмжээг авч ажиллаж байна. 


Монгол Улсын ерөнхий прокурорын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/57 дугаар тушаалаар баталсан “Мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлагыг баталсан байдаг.  Шаардлага хангасан мэдүүлгийн өрөөний ач холбогдол:

- Нэгдүгээрт хүний эрхийг хангах зорилгоор техник хяналтын камертай байж, хүний нүүр царай хэсгийг харуулсан камерийг байршуулсан байгаа. Энэ камерийг хөдөлгөх, байршлыг өөрчлөх боломжгүй. Мөн мэдүүлгийн үеийн дуу, дүрсийг чанартай бичиж байгаа эсэхэд тухайн нэгжийн Мөрдөн байцаах тасгийн дарга нар хяналт тавьж, хадгалалт, хамгаалалтын аюулгүй байдалд холбоо мэдээлэл технологийн алба хаагч хяналт тавин ажилладаг. 

- Хоёрдугаарт цагдаагийн алба хаагч хуульд заасан үүргээ хэрэгжүүлж байгаа эсэх, мөн алба хаагчийн аюулгүй байдал бүрэн хангагдаж байгаа эсэхийг хянахад чухал ач холбогдолтой. 

Шаардлага хангасан мэдүүлгийн өрөөний орон тоог нэмэгдүүлснээр хохирогч, холбогдогч, гэрч болон   цагдаагийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэдийг чирэгдүүлэхгүй байх, эрүү шүүлтэд өртөхөөс сэргийлэх, бусад хүний эрхийн зөрчил гарахаас сэргийлэх ач холбогдолтой юм.

Цагдаагийн төв байгууллагаас энэ оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс нутаг дэсвгэр хариуцсан хэсгийн байцаагч, хэсгийн төлөөлөгч нарын өрөөг бүрэн камержуулахаар төлөвлөн ажиллаж байна. Ингэснээр цагдаагийн байгууллагаас иргэнд тусламж үйлчилгээ үзүүлж буй анхан шатны нэгид ажиллаж буй алба хаагчдын аюулгүй байдал хангагдах, иргэдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой болж байна.

Мөн Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид болон хэв журам хамгаалах чиглэлээр үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид энгэрийн камераар бүрэн хангагдсан байгаа. 

Иймд иргэн та аливаа зөрчил маргаан, гэмт хэргийг шийдвэрлүүлэх явцдаа камерийн бичлэг хийгдэж байгаа эсэхийг шаардах эрхтэй.

 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.