ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ НАР БШУЯ-ААС ДАВСАН ШИЙДВЭРИЙГ ГАРГАЖ ЭХЛЭВ

Цэцэрлэгийн 4,5 настай зарим хүүхэд өнөөдөр хичээллээд 2022 оны нэгдүгээр сарын 31-нийг хүртэл амарна. Гэхдээ эцэг эх, харгалзан дэмжигч нь харах боломжгүй, гэртээ цоожлогдох эрсдэлтэй, гэрт нь харах хүн байсан ч тэр нь өндөр настай эсвэл хүнд өвчтэй, түлээ нүүрс, халуун хоол ундгүй өрхийн хүүхдийг цэцэрлэгт нь үргэлжлүүлэн хамруулна.


Энэ мэтчилэн хүүхдээ цэцэрлэгт нь заавал явуулах шаардлагатай хүмүүс ангийн багшид нь хүсэлтээ хүргүүлнэ гэдгийг БШУЯ-аас мэдээлсэн.

-Мөн Шадар сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд гарсан. Энэ тушаалд, 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ноос нэгдүгээр сарын 31-нийг хүртэл хугацаанд халдвараас сэргийлэх дэглэмийг баримтлан, эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр 4,5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт үргэлжлүүлэн хамруулахыг цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгожээ.


Ингэснээр хүндэтгэн үзэх шалтгаантай эцэг, эхчүүд хүүхдээ үргэлжлүүлэн цэцэрлэгт нь явуулж болох нь. Гэхдээ хэрхэн ямар зохион байгуулалт хийх талаар цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгосон байна. 


Тиймээс ч зарим цэцэрлэгийн эрхлэгч нарын гаргасан журам нь амьдралд нийцэхгүй байгаад иргэд бухимдалтай хандаж эхэллээ.


Жишээлбэл :  цэцэрлэгийн эрхлэгч, арванхоёрдугаар сарын 20-ноос хойш хүүхдээ цэцэрлэгт хамруулах эцэг, эхчүүдээс хүсэлтийг нь авчээ. Нэг ангид 10 хүүхэд л хүлээн авах тул зарим эцэг эхэд "Танай хүүхэд хоцорчихлоо, анги дүүрсэн" гэх хариулт өгч эхэллээ.


Мөн эхний аравт багтан, хүсэлтээ өгч амжсан эцэг эхчүүд 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ноос 2022 оны нэгдүгээр сарын 31-нийг хүртэлх хугацаанд хүүхдээ нэг өдөр ч таслуулалгүй цэцэрлэгт нь явуулна. Нэг л таслуулбал дахиж хүлээн авахгүй. Мөн хүүхдээ өглөө 09:00 цагаас хүргэж өгч, орой 16:00 цагт авах шаардлага тавьжээ. 




Ийнхүү эцэг, эхчүүд  БШУЯ-ны шийдвэрт баяртай байсан ч цэцэрлэгүүд үүнийг нь хувь хувьдаа үгүйсгэж эхэллээ.


Эцэг, эхчүүд хэрхэн яаж ажил төрлөө зохицуулан хүүхдээ хүргэж өгөх авахаа сайтар тооцоолохгүй бол хүүхдээ цэцэрлэгт хамруулах боломжгүй боллоо.


Ажлын цаг 09:00, 17:30 байдаг дийлэнх байгууллага. Тиймээс хэрхэн яаж хүүхдээ хүргэж өгч авч чадах билээ. Магадгүй бас л хүн гуйж бүүр цаашлаад аль нэг нь заавал ажлаасаа гарах л шаардлага үүсээд байнa. Гаргасан шийдвэрүүд бодит амьдралд ямар боломжгүй зүйл болон хувирсаар л.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.