МОНГОЛ УЛСЫН БААТАР Э.БАТ-ҮҮЛ, ТҮҮНИЙ ХҮҮ Б.ЧУЛУУДАЙ НАРЫГ ГЭМ БУРУУТАЙД ТООЦЛОО
Монголын Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдийн нэг, нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, УИХ-ын гишүүн асан зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Монгол улсын баатар Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, ТОСК-ын захирал байсан А.Гантулга, “Бэрэн групп ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөр тэргүүтэй 11 хүний гэм буруутай, эсэхийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 7-ноос эхлэн хэлэлцэж өчигдөр шүүгч нар дүгнэлтээ танилцууллаа. Тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун даргалж, шүүгч С.Батгэрэл, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй хэлэлцсэн хурлаас Э.Бат-Үүл, А.Гантулга, Ю.Алтангэрэл, Б.Чулуудай, Д.Жаргалсайхан, Т.Гэрэлт-Од, Б.Мөнхтөр нарыг гэм буруутайд тооцлоо. Харин Нарантуяа, Ганхуяг, Оюунжаргал, Гэрэлчулуун нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон байна. Өнөөдөр буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны 10.00 цагт гэм буруутай гэж дүгнэсэн долоон хүнд эрүүгийн хариуцлага оноох шүүх хурлыг товлож завсарлалаа. Эргэн сануулбал : Хотын дарга асан Э.Бат-Үүл, Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, "Бэрэн групп" компанийн захирал Б.Мөнхтөр нарыг бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэх хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.