ХОЁР Ч ЭРДЭНЭТ ХҮНИЙ АМИНД ХҮРСЭН ГОО САЙХНЫ ЭМНЭЛЭГТ ХУУЛЬ ҮЙЛЧИЛЖ ХҮЧРЭХГҮЙ БАЙНА

Тод каннам” эмнэлгийн эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилсээр байгаа. Тодруулбал : 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр “Тод каннам”  эмнэлэгт өөх соруулах хагалгаанд орсон  29 настай эмэгтэй амиа алдсан байдаг. 

 


Тухайн үеэд МХЕГ-аас  “Тод каннам”  эмнэлэгт   шалгалт хийхэд тус эмнэлэг нь гоо сайхан нөхөн сэргээх зөвшөөрөлтэй хэрнээ мэргэшсэн арьс гоо заслын эмчгүйгээр үйл ажиллагаа явуулдаг нь илэрч байсан юм. Тиймээс Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох Нийслэлийн комиссын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн албан бичигт дурдсан дүгнэлтийг үндэслэн “Тод ББ” ХХК-ийн “Тод Каннам” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. 

 

Гэтэл тухайн эмнэлэг нэрээ солин  үйл ажиллагаа явуулж нэрээ “SM медикал” болгон өөрчлөн дахин нэг хүний эрдэнэт амийг эрсдүүлсэн хэрэг гарсан юм. 

 

Тодруулбал : АНУ-д амьдардаг 39 настай иргэн гурван хүүхдээ авахаар Монголд түр хугацаанд ирээд байхдаа тус эмнэлэгт мэс ажилбарт ороод амиа алдсан юм. 

 

“SM медикал” эмнэлэг нь “ТодББ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Харин энэ компанийн нэр дээр “Тод каннам” эмнэлэг үйл ажиллагаа явуулж байсан юм. Тухайн үед НМХГ-ийн дүгнэлтийн дагуу “Тод ББ” ХХК-ийн “Тод Каннам” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэхээр шийдвэрлэсэн ч ийнхүү эмнэлгийн нэрээ солиж дахин эрдэнэт хүний аминд хүрсэн болж таарсан. 

 

Энэ мэт арьс, гоо заслын чиглэлээр зөвхөн нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг 57 эмнэлэг байдаг байна. Тиймээс ч дахин асуудал дагуулахыг үгүйсгэхгүй учир хяналт шалгалтаа өндөрсгөх хэрэгтэйг тус эмнэлгийн үйлдэл харуулаад байна. 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.