УКРАЙН ДРОНООР ГАЗАР НУТАГТ НЬ ХАЛДСАН ТУЛ ОХУ ХАРИУ БАРИХАА МЭДЭГДЛЭЭ

Зэвсэг агуулж байсан гэх байгууламжид нь Украин дроноор агаарын цохилт өгсний дараа ОХУ хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.

ОХУ-ын Воронеж мужийн захирагч Александр Гусев ням гарагт /2027.07.07/ мэдэгдэхдээ Подгореский районд байрлах суурин газарт дроноор халдсан гэжээ.

Украины эх сурвалжууд тус суурин газарт байсан агуулахыг Орос цэргүүдэд сум нийлүүлэхэд ашиглаж байсан учир онилсон хэмээсэн юм.Гусев ямар нэртэй суурин газарт халдлага болсныг тодотгоогүй ч тэнд онц байдал зарласан гэж хэлжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ халдлагын улмаас хэн нэгэн бэртээгүй ч хоёр өндөр настай эмэгтэй эмнэлэгт хүргэгдэн шалгуулсан гэсэн байна.

Мөн Гусев “Одоогоор гурван суурин газрын 50 орчим иргэнийг түр байршуулах төвүүдэд хүргэсэн байгаа. Тэдэнд шаардлагатай бүх тусламжийг үзүүлж байна” гэжээ.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров агаарын цохилтын дараа “Ерөнхийлөгч хариу арга хэмжээ авна гэж хэлсэн. Ойрын хугацаанд хариу өгөхийг харна гэдэгт би итгэлтэй байна” хэмээсэн юм.


 


Эх сурвалж: CNN

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.