ХАБ ЗӨРЧСӨН ЭТГЭЭДИЙГ ХАРЬЯА ДҮҮРЭГТ НЬ МЭДЭГДЭЖ, ХАРИУЦЛАГА ТООЦУУЛНА

Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор барилгын ажлууд эрчээ авч буй. Нийслэлд баригдаж буй орон сууцны тоо өсөхийн хэрээр хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал нэгдүгээрт яригдах болсон. Учир нь барилгын ажлууд эхэлсэн дулааны улиралд хөдөлмөрийн аюулгүй байдал /ХАБ/ хангаагүйгээс гарах осол аваарын тоо өсч байгааг албаныхан анхааруулж байна.

Хэрэв ХАБ хангаагүй бол Зөрчлийн тухай хууль болон бусад хуулиар тухайн компанид хариуцлага тооцно. Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсан ч чиг үүргийн дагуу харьяа нэгжүүд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах ёстой.

Тэгэхээр хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй аж ахуй нэгжид Барилга хот байгуулалтын яам болон нийслэлээс арга хэмжээ авч, хариуцлага тооцох нь. Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй,  барилгын талбайд ажиллах техник хэрэгсэл нь бүрэн бусаас болж ослоор нас барах хүний тоо огт буурахгүй нэмэгдэж байна. Угтаа барилга захиалсан компани, гүйцэтгэгч аж ахуй нэгж, ажил үүрэг гүйцэтгэгч буй хүн аль аль нь хариуцлагатай байх ёстой. Гэтэл эрсдэлээс урьдчилан сэргийлж, мэргэжлийн байгууллагуудын тавьсан шаардлагыг хүлээж авдаг хүн, нэгж байхгүйгээс дулааны улирал эхэлснээс хойш сар бүр хүний эрдэнэт амь эндэж байна.

Тухайлбал, өнгөрсөн 2023 онд барилгын үйл ажиллагаанд ХАБ хангаагүйгээс нийт 28 хүн амь насаа алдаж, 30 гаруй барилгын компанийн үйл ажиллагааг зогсоожээ.

Дээрх ослын дийлэнх нь крантай холбоотой гарсан. Харин гадна цэвэрлэгээний ажил гүйцэтгэгч аж ахуй нэгжийн хүн унаж бэртсэн ослыг тус статистик мэдээнд хамааруулаагүй байна. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөн эрсдэлтэй барилгын компаниуд байвал харьяа дүүрэгтээ хандаж, тухайн аж ахуй нэгжид хариуцлага тооцуулах боломжтой аж. Учир нь мэргэжлийн хяналт татан буугдсан учир дүүргээс энэ асуудалд арга хэмжээ авах юм. 

Барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах нийтлэг журамд тусгаснаар:

  1. 2.1.Барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах, аюул, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг захиалагч, гүйцэтгэгч хариуцан хэрэгжүүлнэ
  2. 2.2.Барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдлыг барилгын ажлын зохион байгуулалт, технологийн үйл ажиллагаатай нь уялдуулж, хангах талаар дараах баримт бичигт тусгана
  3. 2.2.1.цогцолбор барилга болон хороолол, хотхоны хувьд барилгын зохион байгуулалтын төсөлд
  4. 2.2.2.тухайлсан барилгын хувьд ажил гүйцэтгэх төсөлд.
  5. 2.3.Энэ журмын 2.2.1-т заасан баримт бичигт үндэслэн цогцолбор барилга болон хороолол, хотхоны “Барилгын ажлын талбайн зохион байгуулалтын зураг”, “Барилгын ажлын талбайд дагаж мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн заавар”-ыг захиалагч боловсруулж батална
  6. 2.4.Энэ журмын 2.2.2-т заасан тухайлсан барилгын “Барилгын ажлын талбайн зохион байгуулалтын зураг”, “Барилгын ажлын талбайд дагаж мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн заавар”-ыг гүйцэтгэгч боловсруулж, захиалагчтай хамтран батална гэжээ.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.