25 April 2020
10 mins read
159k Views
Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт ажиллаж байсан цагдаагийн алба хаагчийг Тагнуулын ерөнхий газраас шалгаж эхэлжээ. Тодруулбал, Цагдаагийн ахлах дэслэгч, мөрдөгч Ж.Э нь Хар тамхитай тэмцэх газарт ажиллаж байхдаа гадаад улсаас их хэмжээний хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр оруулсан гэх хэргийг шалгаж байжээ. Улмаар дээрх хэргийг мөрдөн шалгах явцдаа гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй байгаа тул Эрүүгийн хуулийн 20.7.3.3-д зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, түүний шалгаж байсан хэрэг нь өмнө нь хар тамхины хэргээр ял эдэлж байсан Г.Сарангэрэл нарт холбогдох хэрэг бөгөөд энэ хэрэг шалгагдаж дуусаад шүүхийн шатанд очоод байгаа аж. Шүүгдэгч Г.Сарангэрэл нар нь тухайн үед өөрийг нь шалгаж байсан мөрдөгч Ж.Э нь нотлох баримтгүйгээр хэрэг тохож, өөрийг нь хэлмэгдүүлсэн гэж үзэж байгаагаа шүүхийн шатанд илэрхийлсэн байна. Г.Сарангэрэлийн гэгдээд буй түүний сүүлийн холбогдсон гэх хэрэг нь нилээдгүй томоохон хэрэг байв. Тодруулбал, Хууль зүйн сайд асан Х.Тэмүжиний нялх амраг гэгдэж байсан Г.Сарангэрэл гэх бүсгүй хар тамхины хэргээр ШШГЕГ-ын харьяа 461-р ангид энэ оны дөрөвдүгээр сард хоригдсон. Түүнийг Монгол улсад урьд өмнө нь орж ирж байгаагүй онц их хэмжээний хар тамхи мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис болох мөсийг оруулж ирэх ажлыг өөрөө гардан зохион байгуулж байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгч байв. Мөн Г.Сарангэрэл гадаад улсын иргэдтэй холбоо тогтоон их хэмжээний хар тамхи Монгол Улс руу нэвтрүүлж, зарж борлуулах, холбоо тогтоох ажлыг өөрөө зохион байгуулсан үйлдлийг илрүүлсэн гэгдэж байсан бөгөөд цагдаагийн алба хаагч нар түүнийг их хэмжээний бараагаа өөрөө хил дээрээс хүлээн авч байх үед нь баримтжуулан саатуулсан гэгдэж байсан. Гадаад улсын иргэд болох Нигер улсын хар тамхины томоохон гэмт бүлэглэлтэй холбоо тогтоон нууцаар ажиллаж байсан гэдгийг нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Энэ дагуу мөрдлөгө явуулж Эрүүгийн хэрэг үүсгэхээр прокурор руу шилжүүлсэн. Харин прокурорын байгууллагаас хэргийг хянан хэлэлцээд шүүх рүү шилжүүлсэн. Уг хар тамхины бүлэглэлийн хэрэгт холбогдсон сэжигтэн Г.Сарангэрэл хуурамч хэрэг тохсон хэмээн мэдүүлэг өгснөөр шалгагдаж байгаа аж.