УТААГААР БАЯЖИХ ГЭСЭН ОРОЛДЛОГО НЬ БҮТЭЭГҮЙ ХАМТРАЛ УВСДАА Ч ЯЛАХАД ХЭЦҮҮ


УИХ-ын 2024 оны сонгуулийн баруун бүсэд МАН-аас нэр дэвшихээр горилж явсан Н.Цэрэнбат квотоо авч чадаагүй. Харин ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайханыг дэмжиж ажиллахаар менежер нь болсон талаар бид хүргэсэн.

Бүсчилсэн тойрогт нэр дэвшигчид танигдана гэдэг хэцүү. Ядахад З.Мэндсайхан төрсөн нутаг Ховд гэдэг болохоос бусдаар амьдарч ч үзээгүй. Сайдын суудлаас буусныхаа дараа зуднаар хэдэн суманд өвс тарааж гүйснийг эс тооцвол танигдаагүй.


Увсад бол Н.Цэрэнбатдаа найдаж байгаа ч өнөөх нь өөрөө 2020 оны сонгуульд тэндээ бүдэрсэн хүн. Ердөө Ч.Хүрэлбаатар сайддаа өширхөж, уурласандаа З.Мэндсайханаа дэмжиж байгаа хэрэг.

Гэхдээ З.Мэндсайхан Цэрэнбат нарын хамтрал нэлээд эртнийх боловч амжилттай байсан нь үгүй. Тодруулбал, 2018 онд Н.Цэрэнбат БОАЖ-ын сайд байхдаа Улаанбаатарын утааг бууруулна хэмээн 2019 оны улсын төсвийг хэлэлцэх үеэр өөрийн багцдаа 154 тэрбум төгрөг “чирч” оруулж байв. Түүгээрээ гэр хорооллын айл өрхийн янданд шүүлтүүр тавих гэж байна гэж хэсэгтээ л “чичирсэн”. Сүүлдээ ч өнөөх мөнгө нь 54 тэрбум болж, эцэстээ МАН-ын бүлэг нийгмийн эсэргүүцлээс болж, тэрхүү саналыг нь унагаж байсан билээ.


Тэр үед Н.Цэрэнбатыг хамгийн дэмжиж байсан хүн нь одоогийн ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан. Тэр тухай үед Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан бөгөөд “Нийслэлийн агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл бүрдүүлж байна. 100 мянган нь гэрт амьдардаг тэднийд шүүлтүүрийн аргыг хэрэгжүүлэх гэж байгаа юм. Түүнийг хэрэгжүүлснээр цахилгааны мөнгө нэг өрхөд 22 мянган төгрөг гарч байгаа. Энэ мөнгийг бууруулахад анхаарлаа хандуулж ажиллаж байна” гэж ярьж байв.


Товчхондоо 10 мянган төгрөгийн яндантай айлд 500 мянган төгрөгийн үнэтэй шүүлтүүр тавих саналыг Н.Цэрэнбат гаргаж, УИХ болон Засгийн газрын гишүүдийг аргадаж гүйж байхад мань З.Мэндсайхан нь ямар ч асуудалгүй, айлууд 22 мянган төгрөг нэмж төлнө гээд зүтгүүлж байсан гэсэн үг.  


Ядахад тэр үед Сангийн сайд нь мөн Н.Цэрэнбатыг тойроггүй болоход дэм үзүүлсэн өнөөх Ч.Хүрэлбаатар нь байсан бол Ерөнхий сайд нь У.Хүрэлсүх байв.

Тэр ч утгаараа Ерөнхий сайд албан ёсны фэйсбүүк хуудсандаа “БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад анхааруулъя. Зуух тараах тухай бодлогогүй яриагаа зогсоо. Манай Засгийн газар утааны эсрэг эрчим хүчээр хангах, орон сууцжуулах, нүүрс боловсруулах үйлдвэр барих зэрэг олон үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлэх ёстой. Асуудалд ухарч биш урагшаа харж ханд” гэж байсан.

Тэгэхээр Н.Цэрэнбатын 54 тэрбум төгрөгөөр утааны шүүлтүүр шахах мэргэн санааг үгүй хийсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт бухимдаж явдаг Н.Цэрэнбат З.Мэндсайханаар туг тахиж тэднээс хариугаа авч мэдэх л юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.