НЭМГ-ААС ЗАЛРУУЛГА МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ БОЛОМЖГҮЙ ГЭЖЭЭ
Дөрвөн сарын өмнө Covid-оор өвдөж, эмнэлгийн тусламж авах шаардлагатай иргэндээ тусламж үзүүлээгүй “Энэрэл” эмнэлэг албан тушаалтнуудаа халж сэлгэснээс өөрөө хариуцлагын асуудалгүй өнгөрсөн.Харин үүний зэрэгцээ хохирогчийн ар гэрээс албан ёсоор уучлал гуйсан тохиолдол байхгүй хуулийн хариуцлага тэдэнд оногдуулаагүй байна.“Энэрэл” эмнэлгийн гадна иргэн нас барсан хэрэгтэй холбогдуулан гурван хүнийг ажлаас нь чөлөөлөхөөр болсон ч эмнэлгийн даргыг эргүүлэн томилох талаар яригдаж байгаа. Хохирогчийн ар гэрийнхний зүгээс хүний амь настай хамааралтай асуудалд хайнга хандсанд бухимдаж байгаа. Энэ бол зөвхөн нэг хүний эндсэн асуудал биш. Эмнэлгийн байгууллага, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газрын хариуцлагагүй ажиллаж байгааг баталж байгаа хэрэг юм. Сэлгээ хийсэн албан тушаалтнаас гадна бусад хамаарал бүхий нэгжүүдэд хамаарах асуудал одоог хүртэл мөрдөн шалгах шатанд явж, прокурорын байгууллагаас буцаагдсаар байна. Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 26 нд Нийслэлийн засаг даргын тамгын газраас хүсэлт гаргаж хохирогчийн ар гэрийнхэнд нь дараах хариуг өгчээ. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл өгөхдөө хүний нэр, төр, хууль ёсны эрх ашгийг хөндөхгүй байх төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, Эрүүл мэндийн тухай хуулийг үйл ажиллагаандаа чандлан мөрдөж ажиллах, мөн газрын дарга Б.Бямбадоржид 2021 оны долдугаар сарын 4-ний өдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хийсэн мэдэгдэлдээ залруулга хийж, талийгаачийн ар гэрээс уучлалт гуйх зэрэг арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн эрүүл мэндийн газарт үүрэг болгожээ. Харин энэхүү тайлбар мэдэгдэл НЭМГ-ын даргын сонорт хүрч амжаагүй бололтой. Тус газраас залруулга мэдээлэл гаргах боломжгүй гэдэг тайлбарыг хэлсэн байдаг. НЭМГ-ын дарга Б.Бямбадорж долдугаар сард хэвлэлийн хурлаар өгсөн мэдээлэлдээ "Талийгаач долдугаар сарын 2-нд түргэвчилсэн шинжилгээ өгөхөд эерэг хариу гарсан байсан. Уушгины рентген зургаас харахад хатгаа авсан байсан. Хэсгийн ахлагчийн Өрхийн эрүүл мэндийн төвд мэдээлснээр тухайн иргэн сүүлийн 10 хоногт согтууруулах ундаа байнга хэрэглэж байсан гэх өгүүлэмжтэй байна” гэхчлэн тухайн хүний нэр төрд халдсан мэдээллийг өгсөн байдаг. Эмнэлгийн тусламж авахаар гадаа нь очоод үйлчилгээ авч чадаагүй тухайн хүний жишээгээр олон хүнд тулгамдаж байгаа хүнд суртал, Covid-19-ийн үед эмнэлгүүдийн барьж ажиллах нэгдсэн менежментгүй байгааг нотолсон. Тусламж үйлчилгээний явцад НЭМГ-аас шуурхай ажлын хэсгийг гарган ажиллаж байна. Анхан шатны тусламж үзүүлэхдээ хайнга хандаж, хариуцлагагүй үйлдэл гаргасан, Эрүүл мэндийн тухай хуулийн 28.4.2 дахь заалтыг зөрчсөн Түргэн тусламжийн төвийн захирал, “Энэрэл” эмнэлгийн захирлуудад хариуцлага тооцно. Өндөржүүлсэн бэлэн байдалд мэргэжлийн удирдлагаар хангах үүргээ биелүүлээгүй, ажлын байраа орхиж явсан НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлнө. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг бол хувийн эмнэлэг. Тэдэнд менежментээ өөрчлөхийг даалгаж, арга хэмжээ авна хэмээн мэдээллээд орхисоноос өөрөө нам жим байна.