"ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ОРЛОГЧ ЗАХИРАЛ 3.4 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХАХУУЛЬ АВЧ ЛОНДОНД 110 АМ.МЕТР ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВЧЭЭ

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын үйлдвэр эрхэлсэн орлогчоор ажиллаж байсан З.Ганбаатарын хууль зөрчсөн үйлдлүүдэд НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Тэрээр ОХУ-ын “СП ЗАО ИВС” хамтарсан үйлдвэрийн захирал Алексей Владимирович Зимин гэх хүнээс хахууль авсан хэрэгт холбогджээ. ОХУ-д хаалттай хувьцаат нийгэмлэгийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг тус компани нь “Эрдэнэт үйлдвэр”-тэй 2003-2012 оны хооронд 78.3 сая ам.долларын тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан их хэмжээний санхүүжилт авах, удаан хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулжээ.Ингэхдээ Петербург дэх Номос банкны данснаасаа их хэмжээний ам.доллар гаргаж хахууль болгож өгсөн бөгөөд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Техникийн автоматжуулалт ба тооцоолон бодох цехэд группийн ахлагчаар ажиллаж байсан Л.Дэлгэрбатын Их Британийн Виржинийн аралд байгуулсан “Process control intelligent application” компанийн Латви улсын “As Citadele” банкан дахь ам.долларын дансаар дамжуулж , Г.Эрдэнэчулууны үүсгэн байгуулсан “Power Wit limited” компанийн Хонконгийн NSВС банк дахь данс руу 2010-2012 оны хооронд нийт 3.4 сая орчим ам.доллар шилжүүлэн хахууль болгож авсан хэрэгт холбогджээ. 

Тус хахуулийн мөнгөнөөсөө 569 мянган фунт стерлинг буюу 1.1 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валютаар Английн Лондон хотод 110 ам метр талбай бүхий орон сууц худалдан авсан гэх мэдээлэл ч байна. Тэгвэл Л.Дэлгэрбатын Виржинийн аралд байгуулсан “Process control intelligent application” компанийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай таван сая гаруй ам.долларын үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулахад хамтран оролцож, дэмжлэг үзүүлэн тус үйлдвэрт хоёр тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгалаа. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын үйлдвэр эрхэлсэн орлогчоор ажиллаж байсан З.Ганбаатартай хамт Л.Дэлгэрбатыг АТГ-ынхан шалгаж , тэднийг мөнгө угаасан, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.