УГТЭ: ИРГЭДЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА

Улсын гуравдугаар төв эмнэлгээс өнөөдөр /2024.06.04/ Нийгмийн эрүүл мэндийн хууль батлагдсантай холбоотой иргэд үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн боловсрол олгох нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна.

 Тус эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир нээлтийн үеэр үг хэлэхдээ “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдэд эрүүл мэндийн мэдлэг олгох, тэдний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан нь Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт 3-д заасан “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх”, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчим, “Хүн төвтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” эрүүл мэндийн бодлогын зорилтыг хэрэгжүүлэх олон талт ажлуудыг хэрэгжүүлж байгаа билээ. Монгол Улсын Их Хурлаас энэ оны нэгдүгээр сард “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хууль”-ийг соёрхон баталсантай холбогдуулан иргэд үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн боловсрол олгох нөлөөллийн үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж байгааг дурдлаа.

 Энэхүү өдөрлөгт Эмнэлгийн захиргаа, Захиргаа хүний нөөц, Сувилахуйн алба, Эм зүйн алба болон 22 тасаг нэгж оролцсон байна.

 Өдөрлөгийн үеэр зарим иргэдийн ясны сийрэгжилт, биеийн жингийн индекс, цусны даралт, чихрийн шижинг тодорхойлж, харвалт, зүрхний шигдээсний үеийн сэргээн засах эмчилгээ, уламжлал засал эмчилгээ, мэс заслын дараах үеийн сувилгаа, оношилгоо шинжилгээнд орох үеийн бэлтгэл, эмийн зохистой хэрэглээ, зөв хооллолтын чиглэлээр нийт 750 хүнд эрүүл мэндийн зөвлөгөө зөвлөмж өгч ажиллажээ.

 Түүнчлэн эрүүл мэндийн анхан шатны мэдлэг, боловсрол олгох зорилгоор бэлтгэсэн 1400 хэвлэмэл зөвлөмж, зөвлөгөөг тараасан юм. Мөн өдөрлөгөөр дамжуулж иргэд үйлчлүүлэгчдэд авилгын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэх, авлигын эсрэг таны оролцоо сургалт мэдээллийн үйл ажиллагаа явуулсан байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.