25 April 2020
10 mins read
159k Views
Шинэ хичээлийн жил эхлэх дөхөж, хөдөө орон нутгийн оюутнууд нийслэлийг зорих боллоо. Үүнтэй зэрэгцээд оюутнуудад амьдрах байрны асуудал гардаг. Зарим нэг нь сургуулийнхаа дотуур байр, хамаатныдаа эсвэл түрээсийн байр хөлсөлдөг. Энэ жил зарим сургуулийн оюутны байрны элсэлт хэзээ эхлэх, хүрэлцээ, амьдрах орчин нь ямар байдгийг тодорхой эх сурвалжуудаас тодруулж, сурвалжиллаа. 67549 ОЮУТАН СУРАЛЦСАНААС ДОТУУР БАЙРАНД 7084 ОЮУТАН АМЬДАРЧЭЭ Монгол Улсын хувьд төрийн болон төрийн бус өмчийн 88 их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын 76 байгууллага бий. Төрийн өмчийн МУИС, МУБИС, ШУТИС, АШУҮИС, СУИС, ХААИС, ДХИС, ҮБХИС зэрэг томоохон сургуулиуд тусдаа хэд хэдэн дотуур байртай. Мөн олон оюутантай “СЭЗИС”, “ИЗОУИС”, “Этүгэн ИС” гэсэн хувийн өмчийн сургуулиуд нөөц бололцоогоороо оюутны байрын асуудлаа шийдээд явдаг аж. Өнгөрсөн хичээлийн жилд төрийн өмчийн 39, хувийн 29 дотуур байр оюутан хүлээж авсан. Түүнчлэн 2021-2022 хичээлийн жилд орон нутгаас 67549 оюутан Улаанбаатарт суралцсанаас дотуур байранд 7084 нь амьдарсан гэсэн тоон мэдээллийг БЕГ-ын ахлах мэргэжилтэн Г.Лхагвабаяр өглөө. Энэ нь нийт оюутны 10.5 хувь нь дотуур байранд амьдарсан гэсэн үг. НЭГ ОЮУТАНД НОГДОХ ТАЛБАЙН ХЭМЖЭЭ ДӨРВӨН М.КВ-ААС БАГАГҮЙ БАЙНА Оюутны дотуур байранд тавигддаг стандартыг тодрууллаа. Мэргэжлийн хяналтын газраас мөрддөг шаардлага нь оюутны дотуур байр зориулалтын барилга байгууламжтай байна. Барилга байгууламжийн байршил тогтоох, барилгын зураг зохиох, шинээр барих, ашиглалтад оруулах, өргөтгөх, зориулалтыг өөрчлөн, засварлахдаа холбогдох хяналтын байгууллагаар эрүүл ахуйн дүгнэлт гаргуулсан байх ёстой. Мөн дотуур байрны эдэлбэр газрын 30 хувиас багагүй хэсгийг ногоожуулсан байх. Дотуур байр нь сургуулийн байрнаас тусдаа хог хаягдлын цэгтэй бол эрүүл ахуйн нөхцөл, шаардлагын дагуу байгуулж, ашигладаг, хана, хашаагаар тусгаарлагдсан битүүмжлэл сайтай, хаалттай, салхины доод талд байрласан, эрх бүхий байгууллагатай гэрээ хийх ёстой. Мөн дотуур байрны хог хаягдлыг цуглуулах цэг, бохир усны цооног, бие засах газар нь усны эх үүсвэрээс 100 метр, барилга байгууламжаас 30 метрээс доошгүй зайд байрласан байх. Дотуур байрны үүдний хэсэгт хальтиргаа, гулгаанаас хамгаалсан шалавчтай, хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан замыг бий болгох хэрэгтэй байна. Түүнчлэн оюутны дотуур байрны өрөө, тасалгаа нь эрүүл ахуйн шаардлага хангасан. Нэг оюутанд ногдох талбайн хэмжээ дөрвөн м.кв-аас багагүй. Мөн өрөө тасалгаануудад амьдрах хүний тоогоор ор, ширээ, сандал, хувцасны шүүгээ, хогийн савыг байршуулсан байх ёстой аж. Түүнчлэн эрүүл ахуйн талаас шавьж, мэрэгчгүйтгэлийг улирал тутам мэргэжлийн байгууллагаар хийлгэх гэсэн стандарт байдгийг БЕГ-ын ахлах мэргэжилтэн Г.Лхагвабаяр хэлж байлаа. МУБИС-ИЙН ОЮУТНЫ БАЙРЫН ТӨЛБӨР НЭМЭГДЖЭЭ МУБИС-ийн оюутны дотуур байранд орох I курсийн оюутнуудын хүсэлтийг өнөөдрөөс энэ сарын 22-ныг хүртэл авахаар болжээ. Харин II, III, IV курсийн оюутнуудын хүсэлтийг энэ сарын 22-29 хүртэл бүртгэх аж. Харин МУБИС-ийн I, II, IV байр энэ сарын 22-нд, Оюутны өргөө I, II цогцолбор энэ сарын 29-нөөс эхлэн оюутнуудаа хүлээж авахаар болжээ. Тус сургуулийн оюутны хөгжлийн албаны дарга Ш.Пүрэвсүрэн “Энэ хичээлийн жилд оюутны дотуур байрны төлбөр тодорхой хэмжээгээр нэмэгдэж энгийн байр нь 655 мянга, Оюутны өргөө цогцолбор 994 мянгаас 1.3 сая төгрөг болсон. Хүсэлт гаргасан хүүхдүүдээ багтаамжаар нь авна. МУБИС нь 2950 оюутан хүлээж авах боломжтой есөн дотуур байртай. Үүнээс нийслэлд долоо, Архангай аймагт хоёр нь байрладаг. Эхлээд нэгдүгээр курсийн бүх хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулдаг” гэсэн юм. МУБИС-ийн оюутны II байранд очиход үүдэнд нь сууж байсан хүн “Сургуулиас хэзээ оюутнуудаа хүлээж авах шийдвэр гарна тэр үед нь оюутнуудаа хүлээж авна. II байрны тухайд 400 оюутан амьдрах багтаамжтай. Эрэгтэй, эмэгтэй оюутнууд сургууль тус бүрээрээ нэг өрөөндөө амьдардаг” гэсэн мэдээллийг өглөө. Харин МУИС-ийн оюутны дотуур байрны Элсэлт бүртгэлийн албанаас тодруулахад “Оюутны дотуур байрын бүртгэл энэ сарын 20-ноос эхэлнэ. Байрны төлбөр нэмэгдсэн талаарх мэдээлэл гараагүй байгаа” гэсэн юм. Энэ үеэр төрийн өмчийн их сургуульд суралцдаг оюутнуудын сэтгэгдлийг сонслоо. МУИС-ийн III курсийн оюутан Б.Алтангэрэл: БАЙРАНД НИЙТИЙН ХӨЛДӨӨГЧТЭЙ Ч ОЮУТНУУДЫН АВЧИРСАН МАХ БАГТДАГГҮЙ -Нэг тасагт үнийн сонголтоос шалтгаалан 2-4 хүн байдаг. Хоолоо нийтийн гал тогоонд хийдэг ч олуулаа ашигладаг учраас амархан бохирдуулдаг. Өрөөндөө хоолоо хийж идэх нь хамт байгаа хүмүүстээ саад болох, өрөөний зай талбай хязгаарлагдмал учраас хүндрэлтэй байдаг. Мөн нийтийн хөлдөөгчтэй ч оюутнуудын гэрээсээ авчирсан мах багтдаггүй. Олон оюутан махаа хийдэг учраас өдөр бүр хөлдөөгчнөөс махаа олж авч хоолоо хийнэ гэдэг бэрхшээлтэй. Зарим үед олохгүй. Бүр алга болсон тохиолдол ч бий. Ариун цэврийн өрөөний цэвэрлэгээ ариутгал муу. Ихэнх оюутан өдөрт олон цагийн хичээлтэй байдаг учраас өдөр усанд орох боломж бага байдаг. Халуун ус оройны 17:00 цагт сүүлийн хүнийг оруулаад хаадаг учраас оройн цагаар усанд орох боломжгүй. Харин амралтын өдрүүдэд олон хүн усанд ордог учраас тогтмол цэвэрлэгээ хийх боломжгүй байдаг нь дараагийн хүн ороход хүндрэлтэй байдаг. Өвлийн улиралд халаалт муу учраас зарим өрөө их хүйтэн. Энэ жил дотуур байрны үнэ нэмэгдсэн эсэх нь тодорхойгүй байгаа. Дотуур байранд орохын тулд эхлээд цахим хаягаараа тандалт өгч баталгаажуулдаг. Дараа нь төлбөрөө тушааж, эрүүл мэндийн үзлэгт орж, гэнэтийн ослын даатгал хийлгэснээр байранд орох боломжтой болдог. АШУҮИС-ийн оюутан Б.Ариун-Эрдэнэ: ЦАГИЙН АЖИЛ ХИЙХЭЭР ГАДУУР ХОНОХ ХЭРЭГ ГАРДАГ -АШУҮИС-ийн Ботаник дахь 16 давхар Оюутны III байранд хоёр жил амьдарсан. Ашиглалтад ороод удаагүй шинэ байр учраас амьдрах орчин нь тухтай. Нэг өрөөнд дөрвөн оюутан ордог. Хоёр өрөөний дунд угаалга, нэг гал тогооны өрөөтэй. Гал тогоондоо хөлдөөгч, индукцэн плетка, хиншүү сорогч, аяга тавгаа угааж хатаах угаалтуурын хэсэгтэй, ширээ сандал багтаасан. Нийтийн халуун усны өрөөтэй. Охидуудынх найман давхарт байрладаг. Өглөө 09:00-21:00 цаг хүртэл ажилладаг. Бүрэн автомат угаалгын машин В1 давхарт байдаг. Мөн тухайн өдрийн байрны жижүүрт хэлээд 1500 төгрөг төлөөд хувцсаа угаадаг. Оюутны байранд амьдрахад хүндрэлтэй зүйл нь байр 22:00 цаг гээд хаалгаа цоожлоод оруулдаггүй. Энэ нь боломжтой өдрөө цагийн ажил хийж чаддаггүй. Хэрэв цагийн ажил хийвэл гадуур хонох хэрэг гардаг. Эсвэл хичээлээ тараад хичээлийн бусад цагаараа буюу 18:00-21:00 цаг хүртэл хэлний курс, өөр бусад сургалтад хамрагдах гэхээр цагт хязгаарлагддаг. МУБИС-ийн III оюутан Б.Монголжин: ЭНЭ ЖИЛ ГАРААР ХҮСЭЛТ БИЧИЖ ӨГДӨГ БОЛСОН -Төлбөрийн хувьд энэ жил нэмэгдэж байгаа нь хэцүү байна. Системээр хүсэлт илгээж байранд ордог байсан бол энэ жил салбар сургуульдаа гараар хүсэлт бичиж өгдөг болсон. Дараа нь тоонд багтвал орох боломжтой болно. Анхаарах зүйл гэвэл гал тогоо, ариун цэврийн өрөөний цэвэрлэгээ, усанд орох тал дээр анхаарч өгөөсэй гэж хүсэж байна гэсэн юм. Бусад улсад оюутны дотуур байр ямар байдгийг сонирхлоо . Хятадын “Xian jiaotong university” сургуулийн оюутан Б.Ундармаа: ӨРӨӨН ДОТРОО АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨ БОЛОН ДУШТЭЙ -Сургууль нь оюутны хотхонтой. Гадаад болон хятад оюутнуудын байр, хоолны газар нь тусдаа байдаг. Мөн байрандаа нийтийн хоолны тасагтай. Өрөө бүр жижиг хөргөгч, пэйж, хүн бүрийн тоогоор ширээтэй. Үйлчлэгч нь долоо хоног бүр өрөөг нь цэвэрлэж, хөнжил даавууг нь угааж өгдөг. Гадаад оюутны байранд ихэвчлэн өрөөндөө хоёр оюутан байдаг гэлээ. Эдгээр оюутны хэлснээр Монголын болон гадаадад сурч буй оюутны дотуур байрны ялгаа харагдаж байна. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин