2024 ОНЫ СОНГУУЛЬД "МАН"-ААС ГОРИЛЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТОЙРГИЙН "ЗОДООН"

МАН-аас УИХ-ын гишүүн болох мөрөөдөлтэй квот горилогчдын тулаан ширүүхэн өрнөж байна. Энэ удаагийн УИХ-ын сонгууль, өмнөх сонгуулиас маш том онцлогтой. Учир нь гурваас дөрвөн аймгийг нэгтгэсэн нь том талбайд томорч тоглох боломжийг олонд танигдсан улстөрчид, мөнгөтэй хүмүүст олгосон гэсэн үг.

Иймээс тоглоомын том тойрогт орсон горилогчид эхний ээлжинд ямар ч хамаагүй аргаар нэр дэвших квотоо авахын тулд амандаа орсноо бурж, хурга ишиг тэвэрч, уул толгодын гоё сайхныг магтаж, уулзсан хүн болгоноо тэвэрч, хамтдаа хайр татам зураг авхуулж хэрдээ л танигдахыг хичээж яваа.



Тэгвэл нэг тойрогт горилж яваа эмэгтэйчүүд сүүлийн үед нэгийгээ сошиалд муухай харагдуулах ажлыг хийж, нэр хүндийг нь унагах оролдлого хийснийг  өнгөрсөн амралтын өдрүүдэд харж, хэл амаа билүүдсэн билээ. Энэ нь УИХ-ын тавдугаар тойрогт горилж буй УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг нутгийнх нь дүү, бөхтэй холбож түүнийг пост оруулж, мэдэгдэл гаргатал нь ичээсэн.

Тэр “Сонгууль дөхөх тусам гүтгэлэг, доромжлол гаарах бололтой. Тэр хүмүүст хандаж хэлэхэд арай гоолиг хүний зураг ашиглана уу” хэмээсэн. Мэдээж түүний нэр хүндэд халдсан хүнийг холоос хайгаад хэрэггүй. Хажууд нь инээгээд явж буй журмынх нь итгэлт нь найз нь л байгаа. Ингэж хэлэхийн учир нь нэр дэвшигчдийн хувьд хамгийн их эмээж ирсэн нэг намын гишүүд хоорондоо өрсөлдөж нэгнээ намнах, харлуулах ажлыг хийсээр ирсэн. Энэ л үйл явдал Ч.Ундрамд тохиолдсон гэсэн үг. 

Уг үйл явдал ганц Ч.Ундрамд ч бус бусад тойрогт горилж буй эмэгтэйчүүд ч нэгэндээ явуургүй зан гаргаж муухай харагдуулах ажлыг хийж байна. Уг нь эмэгтэйчүүд нэгийгээ дэмжинэ гэсэн уриатай бүсгүйчүүд маань дөнгөж нэр дэвших квотын төлөө өрсөлдөгчийнхөө нэр хүнд, гэр бүлийг нь хайрлахгүй өөрийнхөө ашиг хонжоо, амин хувиа хичээж буй үйлдэл нь тухайн хүний хэн бэ гэдгийг харуулаад зогсохгүй улс, эх орныхоо төлөө юу ч хийж чадахгүй өчүүхэн нэгэн гэдгийг харуулж буй хэрэг.

Ямартай УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах сунгаа шувтарч, одоо намуудын анхан шатны байгууллагаас олонхын санал авсан горилогчид намынхаа бага хурлаас эрхээ өвөртлөн сонгуульд тоосоо өргөх л үлдлээ. Тиймээс МАН-аас нэр дэвшихээр горилж буй эмэгтэйчүүд шударгаар өрсөлд гэмээр байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.