25 April 2020
10 mins read
159k Views
ЖДҮ-г тоносон нь жижигхэн треэйлэр байсан.Жинхэнэ дуулиан болж буй “Хөгжлийн банк”-ны асуудлын ард засгийн тэргүүн Л.Оюун-эрдэнэ намаа цэвэрлэх зорилго өвөртлөн өрнөж буй үйл явдлуудыг чимээгүй ажиглан суугаа бололтой. Дөрвөн жилийн өмнө У.Хүрэлсүх намын цэвэрлэгээгээ 60 тэрбум болон ЖДҮ-ийн хэргээр эхэлж байв. УИХ-ын 49 гишүүний болон төрийн дарга нарын тэгш хүртээмжтэй хувааж ЖДҮХС-гаас авсан зээлийн асуудал нийгэмд ил болж , Ардын нам авлигатай тэмцэхээ зарласан. : “Хулгай хүн амь, хүчингийн хэрэгт холбогдоно, концессдоно, ЖДҮ-днэ, ер нь та нар бүх юмыг хийж байгаа. Ийм төр байж болохгүй. Цаашдаа Монголын төрд олигархи, хулгайч нар сонгогдох ёсгүй. Хэн нь хулгайч вэ гэдгийг ард түмэн мэддэг болсон. ЖДҮ-гийн хэрэгт холбогдсон хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэж У.Хүрэлсүх мэдэгдэж байсан бол өчигдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан : “Ард иргэд, улс орноо доромжилсон улстөрчид, улс төрийн нөлөө бүхий хүмүүстэй хатуу хариуцлага тооцож, зээлийг эргэн төлүүлж, Монгол Улсыг хохиролгүй болгох, намаасаа хөөх” арга хэмжээ авна гэв. ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авч өгсөн дуулиан хэсэгтээ улс төрд түймэр тарьж, Ардын намын нэг бүлэглэл нөгөөгөө намнах шалтаг, шалтгаан тавьж өгсөн. Өнөөдөр ч мөн адил Хөгжлийн банкны зээлээр далимдуулж нэг бүлэглэл нь нөгөөгөө намнах улс төрийн процесс өрнөж байна. Өөрөөр хэлбэл, Ардын нам наанаа бүх эрх мэдлийг авч, цул мэт харагдавч цаана нь асар том дажин өрнөж эхэлжээ. Гэвч ЖДҮХС-гаас зээл авсан цөөн хүмүүс албан тушаалаасаа огцорсон, дөрвөн хүн шүүхээр ял сонссоныг эс тооцвол Хөгжлийн банкны хэрэг явдал ингэж дуусах магадлал өндөр. ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авсан хэрэгт ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг 40 сая төгрөгөөр, Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нарыг хорих ялаар шүүхээр шийтгэж, бусад нь эрх мэдэл, албан тушаалтайгаа үлдсэн. Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Н.Учрал нар. Авлига авч байгаад газар дээрээ баригдсан "Эрдэнэс Монгол"-ын Д.Хаянхярваа гэхэд 40 сая төгрөгөөр торгуулаад өнгөрсөн бол АТГ-аар шалгагдаж, шүүхийн хаалга татаж явсан УИХ-ын гишүүн асан Л.Энхболдыг “Эрдэнэс Монгол”-ын дэд захирлаар томилогдоход АТГ ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн бичиг үйлдэж өгсөн. ЖДҮХС-гаас зээл аваад, түүнийгээ зориулалтын бусаар зарцуулсан гэж хууль хяналтынхан тогтоочхоод байхад Ардын намынхан албан тушаалаар шагнасан.Иймээс өнөөдрийн өрнөж буй Хөгжлийн банкны үйл явдлыг харахад нийгэмд “түймэр” асаах тусмаа жинхэнэ тийрэнгүүд нь ард нь нуугдаад, албан тушаалтайгаа үлдэх магадлалтай. Гэвч нийгмийн хэт их хөөсрөл, улс төрийн зорилготой, зохион байгуулалттай дайралтуудаас харахад хэдэн “жараахай”-уудыг шалгаж, мөрдсөн дүр эсгээд, улс төрийн цэвэрлэгээ ч дуусна, дуулианд ч цэг тавигдана. Найдваргүй гэх 52 компанийн нэрийг АТГ нуух биш зарлах ёстой. Тэр тусмаа 1.7 их наядын найдваргүй зээл үүсээд, өчнөөн удаж байхад Монголбанк, Сангийн яам, Хөгжлийн банкныхан яагаад өнөөдрийг хүртэл хав дарав…Зүй нь Л.Оюун-Эрдэнэ журмын нөхдийнхөө авлигатай жинхэнээсээ тэмцье гэвэл асуудлыг хөөсрүүлэхээс илүү АТГ-т шударга ажиллах боломжийг л олгох ёстой.