АТГ: СҮХБААТАР АЙМГИЙН УДИРДЛАГУУД ГЭРИЙНХЭЭ ХООЛ ХҮНСИЙГ ХҮРТЭЛ АВЛИГЫН ЗАМААР АВДАГ БАЙСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

Сүхбаатар аймгийн засаг дарга М.Идэрбат, ИТХ-ын дарга Д.Хосбаяр нарыг АТГ-аас саатуулсан. Тэднийг дараах хэргүүдэд буруутган эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж мэдээллээ. 


Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбатын хувьд 

1. Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат Батлагдсан зураг төсөлгүй, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй компанитай гэрээ хийсэн. Ингэхдээ шинэ суурьшлын бүс байгуулахад зориулж түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байгуулан 1,4 тэрбум төгрөгийн санхүүжилт авах нөхцөл бүрдүүлэн өгчээ. Үүнийхээ хариуд БЗД-ийн нутаг дэвсгэрт гурван өрөө байр авлигад авсан байж болзошгүй байна. 

2. Сүхбаатар аймгийн Засаг дарга нэр бүхий УИХ-ын гишүүний үеэл дүүгийн эзэмшлийн Баруун-Урт сумын 3-р багийн нутагт байх 6,700 болон 1,359 метр квадрат хэмжээтэй газрын зориулалтыг нь хууль зөрчин өөрчилж давуу байдал олгосон. 

3. Хадам дүүгийнхээ эзэмшилд байх Баруун-Урт сумын 2-р багт байх 2,600 метр квадрат хэмжээтэй автоугаалга, гараашийн зориулалттай газрыг төлбөрөө төлөөүй байхад нь хууль зөрчин бусдад шилжүүлж давуу байдал олгосон. 

4. Нэр бүхий УИХ-ын гишүүний эзэмшлийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутагт байх 3,211 метр квадрат хэмжээтэй газрыг хууль зөрчин түүний хамаарал бүхий этгээдэд шилжүүлсэн. 

Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаярын хувьд 

1. Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж Баруун-Урт сумаас зохион байгуулсан тендерт хамаарал бүхий этгээдийн компанийг шалгаруулсан. Ингэхдээ өөрийн эзэмшлийн компанид давуу байдал бий болгон эд хөрөнгө завшсан байж болзошгүй. 

2. Мөн “1989 оны төгсөгчид” нэртэй төрийн бус байгууллагын ТУЗ-ын даргаар ажилладаг. Энэ байгууллагын гишүүдийн эзэмшдэг компаниуд аймгаас зарласан өндөр дүнтэй бүх тендерийг авдаг байсан байж болзошгүй байна.

3. Аймгийн удирдлагууд гэмт хэргийн замаар олсон хөрөнгөө өөрийн хамаарал бүхий этгээдийн данс, банкны картыг ашиглан авдаг байсан. Тэд гэртээ авах ахуйн хэрэглээний хүнс, баяр ёслолоор бусдад бэлэглэх бэлэг дурсгалыг хүртэл аймгийн дэлгүүр, худалдааны төвүүдээс үнэгүй авдаг. Төлбөрийг нь аймагт ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаад болон дотоодын компаниудаар төлүүлдэг байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. 

Мөн Сүхбаатар аймгийн удирдлагууд төр захиргааныхаа бүх байгууллагын дарга нар болох 29 хүнийг БНХАУ-д аялуулсан. Ингэхдээ аяллын зардал болох төлбөрийг Сүхбаатар аймагт ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий компаниар төлүүлжээ. Хэрвээ энэ үйлдэл нь нотлогдвол албан тушаалаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тооцогдох юм. Аймгийн удирдлагуудыг 2023 оноос эхлэн мөрдөн шалгасан гэж Авлигтай тэмцэх газраас мэдээллээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.