ГАЗРЫГ ГАДААДЫН ИРГЭНД 100 ЖИЛЭЭР ЭЗЭМШҮҮЛЭХ ЗААЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХЫГ УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ОЛОНХ ДЭМЖЛЭЭ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд тусгасан газрыг хөрөнгө оруулагчдад 100 жилээр эзэмшүүлэх заалтыг хасах талаар хэлэлцэж байна.  Энэ үеэр

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Газрыг гадаадын иргэдэд 100 жилээр эзэмшүүлэх заалтыг УИХ-ын олон гишүүн эсэргүүцэж байгаа. Газар тариалангийн бизнес эрхлэгчид мөн манай нутагт газар эзэмших эрхийг 15 жилээр сунгадаг. Энэ хуулийн төсөлд хоёр л заалт өөрчлөх юм. Нэг нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12-р зүйлийн 12.1.1-т заасан “Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх тухай” заалтыг хүчингүй болгох юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд Гадаадын хөрөнгө оруулагчдад 100 мянган ам.долларын босго тавьсныг байхгүй болгохоор тусгасан. Үүнийг харж үзэх ёстой. Учир нь, 100 мянган доллар бол тэр тусмаа стратегийн ач холбогдолтой салбаруудад хөрөнгө оруулагчдад бол асар бага мөнгө шүү дээ. Засгийн газрын бодлого нь хөрөнгө оруулагчдад хаалгаа нээе гэдэг утгаар босгоо намсгаж байгаа юм байна" гэв.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах тухай Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Санал хураалтад уг саналыг 22 гишүүн дэмжиж, 51.2 хувиар санал дэмжигдлээ. Хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. Ингэснээр Хөрөнгө оруулалтын тухай хуульд байсан газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх заалтыг хүчингүй болгохыг хуралдаанд орсон гишүүдийн олонх дэмжлээ.  

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.