УИХ-ЫН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАН : ТАЯГГҮЙ АЛХАЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ХҮН , ХҮНИЙГ МАШ ХҮНД ГЭМТЭЭЖ ЗОДНО ГЭЖ ЮУ БАЙХ ВЭ…

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын иргэн, инженер Чен хо гэгчийг орчуулагчийнх нь хамт балмад хэрцгийгээр зодсон талаарх мэдээлэл нийгмийн сүлжээ болон хэвлэлүүдээр мэдээлэгдсэн.Бид энэ асуудлыг нягтлаж , УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай шуурхайлан холбогдож , цөөн хором боловч мэдээллийг тодруулж амжсанаа хүргье.

Сэтгүүлч : Танд энэ өдрийн мэнд хүргэе. УИХ-ын намрын чуулган эхлээд сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд ямар асуудлууд хэлэлцэж байна ?

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан : УИХ-ын намрын Нэгдсэн чуулган 10-р сарын 01-ний өдрөөс эхэлсэн. Энэ хугацаанд 2022 оны улсын төсвийг эцэслэн батлахаар хэлэлцэж байна. Ирэх онд Дорноговь аймагт Хот суурин газрын ус хангамжийн эх үүсвэрийн нөөц тогтоох хайгуул, Эрүүл мэндийн лаборатор, Замын-Үүдэд 640, Хатанбулаг сумдад 320 хүүхдийн сургууль, Даланжаргалан суманд 15 хүний ор бүхий Эрүүл мэндийн мэндийн төв, Сайншанд-Замын-Үүд чиглэлийн авто замаас Өргөн сум хүртэлх 18.5 км хатуу хучилттай авто замын үргэлжлэл, Чөлөөт бүсийн цахилгаан хангамжийн дэд станцын 0.4 кВ-д хуваарилах байгууламжийн саналыг оруулж, эцэслэн батлахаар хэлэлцэж байна. 

Сэтгүүлч : Өнгөрсөн шөнө “УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын иргэнийг хэрцгийгээр зодож танхайрсан” гэх мэдээлэл гарсан байна. Энэ мэдээлэл үнэн үү ?

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан : Өглөө босоод ирсэн хүн зодсон хэрэгт орчихлоо. Өчигдрийн хувьд маш завгүй өдөр байсан. 

Өчигдөр буюу /2021.11.11/ 10.00 цагаас орой 16:00 цаг хүртэл УИХ-ын Нэгдсэн чуулган хуралдсан. Миний бие өнгөрсөн 9 сард Герман улсад өвдөгний үе солиулах хагалгаанд орж, өнөөдрийг хүртэл таягтай алхаж байгаа. 

Чуулганаас гараад өдрийн эмчилгээндээ орсон. Хүн зодож танхайрсан гэх үед би өвдгөндөө өдрийн эмчилгээгээ хийлгэж байсан. Өдөр бүрт эмчилгээ хийлгэдэг.

БНХАУ-аас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайдтай нь уулзчихаад орой нь улсынх нь иргэнийг санаатайгаар зодох, хоёрдугаарт таяггүй алхаж чадахгүй байгаа хүн , хүнийг маш хүнд гэмтээж зодно гэж юу байх вэ. 

Хэвлэлийнхэн маань баримт нотолгоотой зүйл бичих хэрэгтэй шүү дээ. Тэгээд ч манай иргэд мэдээлэлд шүүлтүүртэй ханддаг болчихсон. Иргэдийг төөрөгдүүлсэн, худал мэдээлэл түгээдэг хэвлэл мэдээллийн байгууллагуудыг холбогдох газрууд нь арга хэмжээг авдаг байх хэрэгтэй. 

Сэтгүүлч : За баярлалаа

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.