1072 ХУВЬЦААНААС ХЭДЭН ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ХҮРТЭХ ВЭ?
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2022 онд 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаас 351 тэрбум орчим төгрөгийг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилахдаа нэгж хувьцааг 108.7 төгрөгөөр тооцож, тэтгэврийн, халамжийн, НӨАТ-ийн буцаан олголтын, хүүхдийн мөнгө авдаг зэрэг төрд байгаа мэдээллийг ашиглан тухайн иргэний дансанд ногдол ашгийн мөнгийг шууд шилжүүлж эхэлсэн. Энэ бол 2022 оны ногдол ашгийн хуваарилалт. Тэгвэл 2023 оны жилийн эцсийн тайлан хоёрдугаар сарын 10-нд эцэслэгдэн гарч, жилийн эцсийн санхүүгийн тайланд аудитын байгууллага аудит хийснээр 2024 оны дөрөвдүгээр сард 2023 оны ногдол ашиг ард иргэдийн дандсанд шилжүүлэх юм. 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, нэгж хувьцаанд 266 төгрөгийн ногдол ашиг тараахаар болжээ. Та хэдэн төгрөгийн ногдол ашиг авах вэ? Та эзэмшиж буй хувьцааныхаа тоог 266 төгрөгөөр үржихэд таны авах мөнгөн дүн гарна. Үүнээс ХХОАТ-ын 10 хувийн татвар суутгахыг анхаараарай. Жишээ нь: Иргэн Б 1072 ширхэг хувьцаагаа бүтнээр нь эзэмшиж байгаа тул 285 мянган төгрөгийн ногдол ашиг авна. Гэхдээ ХХОАТ-ын 10 хувийг суутгаад иргэний дансанд очих мөнгөн дүн нь 256 мянга болох юм. Иргэн Г 750 ширхэг хувьцаатай. Нэгж хувьцааг 266 төгрөгөөр үржүүлэхэд түүний авах ногдол ашгийн мөнгө 199,500 төгрөг болж байна. Үүнээс татварын 10 хувийг суутгаснаар иргэн Г-ийн дансанд 179 мянган төгрөг шилжих нь. Иргэн А Эрдэнэс таван толгой ХК-ийн 222 ширхэг хувьцаа (сургалтын төлбөрт суутгуулсан, Засгийн газарт худалдсан тул) эзэмшиж байна. Түүний эзэмшиж буй 222 ширхэг хувьцааг нэгж хувьцааны үнэ болох 266 төгрөгөөр үржүүлэхэд түүний авах ногдол ашгийн мөнгө 59,052 төгрөг болж байна. Үүнээс 10 хувийн татвар суутгаад иргэн А-ийн дансанд 53 мянган төгрөг шилжих юм. Иргэн Ж хувьцаа эзэмшдэггүй. Тиймээс тэр хувьцааны ногдол ашиг авахгүй.