ӨНӨӨХ Л Д.СУГАР, Ц.НАНЗАДДОРЖ, Д.ГАНБАТ НАР “ӨНДӨР БУЯНТ”-ЫГ БУЛААСАН АСУУДАЛД ХОЛБОГДЖЭЭ

“...МАН-д “Өндөр буянтын дээрэм” болж байна” гэсэн мэдээлэл тарсан. Үнэний ортой аж. “Өндөр буянт холдинг” хэмээх барилгын компани бий. Тус компани МАН-ын байр, UBH центр, Худалдаа хөгжлийн банкны барилга, 200 оюутны байр, “Оргил стар” хотхон, Хаппи таун, УБ таун зэрэг арваад томоохон барилга барьсан байдаг. Тус компанийг 1997 онд үүсгэн байгуулж, улмаар дээрх бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн, хожим Зам тээврийн сайдаар ажиллаж байсан Н.Төмөрхүү өнгөрсөн жил гэнэт өөд болсон. Түүнээс хойш “Өндөр буянт холдинг”-ийн өв хөрөнгө тойрсон маргаан үүсэж, өдгөө өндрөө авчээ. Гэхдээ үүнээс өмнө, 2019 оноос компанийн эрхийн маргаан эхэлсэн байна. Хамгийн гол нь энэ асуудалд өнөөх л Д.Сугар, Ц.Нанзаддорж, Д.Ганбат нарын нэр холбогдож байна.


Тодруулбал, 2008 оны дөрөвдүгээр сарын 28-нд “Өндөр буянт холдинг” ХХК-ийн Н.Төмөрхүү тухайн үед ТӨХ-ны дарга, одоо Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ажиллаж байгаа Д.Сугар, тухайн үед ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын даргаар ажиллаж байсан, саяхан Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс чөлөөлөгдсөн Ц.Нанзаддорж, тухайн үед “Эрдэнэт үйлдвэр”-ийн орлогч захирал, сүүлд Зам тээврийн сайд байсан Д.Ганбат нартай тохиролцож Хамтран ажиллах гэрээ байгуулжээ.


Энэхүү гэрээ нь Д.Сугар, Ц.Нанзаддорж, Д.Ганбат нар “Оргил стар” хотхоны төсөлд хөрөнгө оруулж, Н.Төмөрхүү оронд нь компанийнхаа хувьцааг түр шилжүүлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэд төсөлд хөрөнгө оруулж, хэрэгжиж дуусах хүртэл баталгаа болгож, Н.Төмөрхүүгээс “Өндөр буянт холдинг” ХХК-ийн хувьцааг төлөөнийхөө хүмүүсийнхээ нэр дээр шилжүүлэн авч, тэрбээр гүйцэтгэх захирлаар ажиллахаар болжээ. Ингэж тус компанийн хувьцаа Д.Сугар, Ц.Нанзаддорж, Д.Ганбат нарын төлөөний хүмүүс болох Сүхээгийн Батхишиг, Сэрээтэрийн Доржханд, Отгоны Төгсөө нарын нэр дээр шилжүүлсэн байна. Дээрх гурван эрхэм “Оргил стар” хотхоны төслийн ажил буюу гэрээний хугацаа дуусахад компанийн хувьцааг үнэ төлбөргүй буцааж шилжүүлэх ёстой байжээ. Гэвч төсөл амжилттай хэрэгжиж, хугацаа дууссан ч “Өндөр буянт холдинг” ХХК-ийн хувьцааг шилжүүлээгүй байна. Улмаар хувьцааг бусдад дамжуулж, компанийн удирдлагыг ч хууль бусаар шилжүүлэн авч, орлогыг хамаарал бүхий компани руугаа шилжүүлэх болжээ. Энэ асуудлаар Н.Төмөрхүү 2019 оноос хойш хууль хяналтын байгууллагад хандаж эхэлсэн байна. Гэвч шийдэгдэлгүй байсаар мөнх бусыг үзүүлжээ. Н.Төмөрхүү агсны эхнэр үргэлжлүүлэн хөөцөлдсөн боловч тусыг олоогүй байна. 


Тус компанийн гүйцэтгэх удирдлагыг өдгөө сайд асан Д.Ганбат хэрэгжүүлж байгаа юм. Уг нь “Өндөр буянт холдинг”-ийн гүйцэтгэх захирлаар Н.Төмөрхүү 2008-2015 онд ажиллаж, 2015 оноос Л.Эрдэнэбат томилогджээ. Гэтэл 2019 оны есдүгээр сарын 30-нд Л.Эрдэнэбатыг гүйцэтгэх захирлаас чөлөөлж, оронд нь Д.Ганбатыг хуулийн бус аргаар томилжээ.


Үүнийг нь УБЕГ нотолсон байна. Тус газрын 2020 оны гуравдугаар сарын 13-ны 1437 дугаартай дүгнэлтээр Д.Ганбатыг “Өндөр буянт холдинг”-ийн гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэрийг хүчингүй болгожээ. Үүгээр Л.Эрдэнэбатын эрх сэргэсэн байдаг. Гэвч Д.Ганбат “Өндөр буянт холдинг”-ийн тамга, гэрчилгээг өнөөдрийг хүртэл Л.Эрдэнэбатад өгөөгүй байна. Энэ хооронд Хамтран ажиллах гэрээний хүрээнд Н.Төмөрхүүд оногдсон хөрөнгүүдийг өөр компани руу шилжүүлсэн аж. Тухайлбал, UBH центрийн төслөөс хуваарилагдсан 1, 2,13, 14 дүгээр давхрын 2 350 орчим м.кв талбай, хоёр автомашины зогсоол, УБ таун дахь орон сууц, “Оргил стар” хотхоны зургаан автомашины зогсоол зэргийг булаачихсан байна. Уг нь талийгаачийн гэр бүл эдгээр хөрөнгийг 2013 оноос хойш түрээслэж, орлогыг нь авч байжээ. Учир нь төсөл дууссаны дараа талийгаач болон Д.Ганбат нар маргаж эхэлснээс дээрх хөрөнгүүдийн “үл хөдлөх”-ийн гэрчилгээ гаралгүй гацчихсан байна. 


Харин Н.Төмөрхүү агсны эхнэр 2008 онд Д.Сугар, Ц.Нанзаддорж, Д.Ганбат нартай хамтарснаас хойш “Өндөр буянт холдинг”-ийн хэрэгжүүлсэн UBH центрийг оруулахгүйгээр бүх төсөлд 2019 онд аудит хийлгэхэд “...Нийт 50 тэрбум төгрөгийг цэвэр ашиг олсон” гэсэн дүгнэлт гаргажээ.


Тэрбээр “...Тэд нөхөр маань нас барсныг далимдуулж дээрэмдэж, дээрэлхэж байна. Д.Сугар, Ц.Нанзаддорж, Д.Ганбат нар хуваарилагдсан хөрөнгүүдээ бүгдийг авсан. Би дээрх 50 тэрбумын ашиг болон хамтран хэрэгжүүлсэн төслүүд дээр маргаан хийгээгүй. Зөвхөн UBH центрийн төслийн хүрээнд хуваарилагдсан хөрөнгө болох хууль ёсны эзэмшлийн талбайнуудаа өөрийн нэр дээр авахаар маргаж байна. Д.Сугар, Ц.Нанзаддорж нарт удаа дараа “...Д.Ганбатад анхны гэрээг сануулж, шударга байхыг сануулаач” гэж хэлсэн. Гэвч намайг хохирогчоор тогтоосон шийдвэрийг хүчингүй болгуулчихсан байна. Манай бүх хөрөнгийн дээрэмдсэн. Энэ үйлдэлдээ хууль хяналтын байгууллагын хүмүүсийг ч ашиглаж байна” гэх гомдлыг хууль хяналтын байгууллагад гаргаад байгаа аж. Дашрамд хэлэхэд, Д.Сугар, Ц.Нанзаддорж, Д.Ганбат нар “Өндөр буянт холдинг”-ийн нэрээр МАН-ын одоогийн байрыг барьсан болж таарч байна.


Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.