“ШИЛЭН ТӨР, ЦАХИМ ШИЛЖИЛТЭД-ТАНЫ ОРОЛЦОО” УУЛЗАЛТ БАЯНГОЛ ДҮҮРЭГТ БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж, Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, үйлчилгээний хүртээмжийг нэмэх, бизнес эрхлэх орчныг сайжруулж, тусгай зөвшөөрлийг олгох үйл явцыг цахимжуулах чиглэлээр “Шилэн төр, цахим шилжилтэд-Таны оролцоо” сэдэвт уулзалтыг нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт цувралаар зохион байгуулж буй. 

Тэгвэл Монгол Улсын Засгийн газар, ЦХХХЯ, НЗДТГ-аас хамтран зохион байгуулж буй “Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо” уулзалт өнөөдөр (2023.04.25) Баянгол дүүрэгт боллоо. Уулзалтад ЦХХХ-ны сайд Н.Учрал, Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, тус яамны харьяа газар, хэлтсийн удирдлагууд, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Нарангэрэл болон харьяа хэлтэс, байгууллагын удирдлагууд, 34 хорооны Засаг дарга болон төрийн албан хаагчид оролцлоо. 

Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “5Ш” ажиллагааны үндэс суурь болон цахим шилжилтийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, бодлого, сүүлийн үед тус яамнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Мөн Шилэн төрийг бий болгох “Шилэн” ажиллагааны үр дүнд далд нууц мэдээллүүд ил болж иргэд төрийн үйл ажиллагааг хянах боломж бүрдэж байгаа төдийгүй цахим шилжилтийн үр дүнд хүнд сурталгүй, ашиг сонирхолгүй, авлигагүй төр төлөвших, энэ нь эргээд иргэдийн амьдралд эерэг нөлөөлөх, өөрчлөлтийг бий болгоно гэдгийг онцлоод "Шилэн төр, цахим шилжилт”-ийн хүрээнд хийхээр төлөвлөсөн онцлох ажлуудаа танилцууллаа. Мөн Баянгол дүүрэг шилэн индекс буюу нээлттэй мэдээллийн ил тод үнэлгээгээр дүүргүүдээсээ хоёрдугаарт буюу 74.64 хувиар тэргүүлжээ.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн нийслэлийн хэмжээнд хийж буй цахим шилжилтийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Улаанбаатар хотыг авлигаас ангид байлгах, зардал чирэгдлийг бууруулах, төрийн хүнд суртлыг багасгах чиглэлээр олон ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд “Онлайн бизнес төв”, “E-School” систем, хэсгийн ахлагч нарын систем, өрхийн эмнэлгийн цаг захиалах систем, “UB map” газрын зургийн систем зэрэг томоохон төслүүдийг эхлүүлсэн талаар мэдээлэл өглөө. Мөн нийслэлд хэрэгжүүлж байгаа томоохон төслүүд, хийж хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаар тодорхой мэдээллүүдийг өгсөн юм. Энэ үеэр хороодын Засаг дарга нар Өрхийн мэдээллийн сан, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, сайжруулах талаар өөрсдийн саналуудаа хэлж, хариулт авлаа. 

Уулзалт хэлэлцүүлгийн төгсгөлд дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Нарангэрэл ЦХХХ-ны сайд болон Нийслэлийн ЗДТГ-ын холбогдох албан тушаалтнууд дүүрэгт ирж Засгийн газрын Авлигын эсрэг 5Ш ажиллагааны суурь болсон “Шилэн” ажиллагаа, түүний хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлого, төлөвлөгөөгөө танилцуулж, төрийн албан хаагчдын санал хүсэлтийг сонссонд талархал илэрхийлсэн юм.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.