ЭМЭЭЛТИЙН ӨМХИЙ МАХНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ МАРГААШ БОЛНО

Нэгүүн.мн сайтын хамт олон Эмээлтэд байрлах “Эм Ди Си Пи” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт өмхийрсөн махыг цагаан бодистой усанд хийж шинэ мах шиг болгож байгаа талаар цуврал мэдээ, сурвалжилга, нийтлэл бэлтгэн олон нийтэд хүргэсэн.

Уг цуврал бүтээлийн араас  Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалт хийж, боловсруулсан маханд илрэх нянгийн дээд хэмжээ 10 мянга байх ёстой бол “Эм Ди Си Пи” ХХК-ийн боловсруулсан махан дахь нянгийн хэмжээ 3000 дахин их байжээ. Иймд тус компанийн 2018 онд авсан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, агуулахад хадгалж байсан 175 тн махыг битүүмжлээд байв. Улмаар хэргийг нь шалгаж байхад  тус үйлдвэрээс хүний эрүүл мэндэд шууд болон шууд бусаар хор хохирол учруулж болзошгүй хэд хэдэн зөрчил илэрсэн байна. Хүнсний аюулгүй байдал дэглэм сахиулах асуудлыг Зөрчлийн хуульд заасны дагуу МХЕГ эрх хэмжээнийхээ хүрээнд Зөрчлийн хэрэг нээгээд энэ асуудлыг шалгасан. Үүний дараа шинжээчийн дүгнэлтээр гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байна гээд МХЕГ-аас нийслэлийн прокурорт асуудлыг шилжүүлсэн. Уг хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, ЭЦА шалгаж,  мөрдөн байцаалт дуусч, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Тодруулбал, БНХАУ-ын иргэн  Чен Бин /Chen Bin/ “Эм Ди Си Пи” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр Н.Цогтгэрэл нарын гэм буруутай эсэхийг маргааш буюу 2023-11-28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 08:30 цагт хэлэлцэх юм.

БНХАУ-ын иргэн Чен Бин болон “Эм Ди Си Пи” ХХК-д Эрүүгийн хуулийн 20.12.4, 24..1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. Эрүүгийн хуулийн

20.12 дугаар зүйл.Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээх

… Эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хүний эрүүл мэндэд хохирол учруулж болох хүнсний, эсхүл хүнсний нэмэлт бүтээгдэхүүн зориуд худалдсан, түгээснээс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, эсхүл үлэмж хэмжээний хохирол учирсан бол…

4.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

24.8 дугаар зүйл.Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх

1.Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.

Энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалан энэ оны тавдугаар сарын 5-нд хэлэлцээд нянгийн бохирдолтой мах бэлтгэж, борлуулахыг завдсан үйлдлийг нь гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр цагаатгаж байсан юм. Анхан шатны шүүхийн эл шийтгэх, цагаатгах тогтоолыг НПГ-ын хяналтын прокурор Б.Соёлмаа эсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд шүүх бүрэлдэхүүн түүний эсэргүүцлийг үндэслэлтэй хэмээн үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан түүхтэй.

Өнөөдөр Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг 32, экспортын тусгай зөвшөөрөлтэй 60 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа.  “Эм Ди Си Пи” компани нь эдгээрийн ААН-ийн нэг бөгөөд БНХАУ-ын иргэний өмчлөлд байдаг. Энэ компани БНХАУ руу мах экспортлох зөвшөөрөлгүй. Компанийн агуулахад тухайн үед дулааны аргаар боловсруулсан болоод боловсруулаагүй хонь ямааны нийт 234.8 тонн мах байсан. Дулааны аргаар мах боловсруулдаг ХКҮ компанийн хаяг шошготой 4842 хайрцаг 96 тонн мах илэрсэн. Хаяг шошгогүй 92 тонн ямааны мах байсан юм. Тухайн үйлдвэр нь эрүүл ахуй, барилга байгууламжийн шаардлага хангахгүй, техник технологийн шат дамжлагын дэвтэр байхгүй зэрэг олон зөрчил илэрч байсан юм.

 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.