Б.Ариунболд: “Bravo Circus-2”-т Монголд сүүлийн 10 гаруй жил тоглогдоогүй агаарын хаан үзүүлбэр зэрэг шилдэг номерууд багтсан
Гэр бүлээрээ шимтэн үзэх хамгийн тохиромжтой урлаг бол яах аргагүй циркийн урлаг юм. Өнгөрөгч оны аравдугаар сард циркийн урлагийн дэлхийн шилдэг 11 улсын жүжигчин болон сургуультай амьтдын үзүүлбэрээр дүүрэн "Bravo circus" тоглолт болж, үзэгч олныг алмайруулсан. Тэгвэл “Браво цирк-2” тоглолт нь илүү олон сюрприз, шинэ тайз засалттайгаар Монгол бөхийн өргөөнд энэ сарын 24-нөөс эхлэн циркийн гайхамшгийг дахин толилуулахаар болжээ. Тоглолтын талаар "Bravo circus"-ийн продюсер Б.Ариунболдтой ярилцлаа. -Олон улсын цирк нээлтээ хийхэд цөөн хоног үлдээд байна. Юун түрүүнд тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? -Манай олон улсын циркийн тоглолт 2022 оны аравдугаар сард “Браво-1” нэртэйгээр зохион байгуулагдан маш амжилттай өндөрлөсөн. Мөн тун удахгүй “Браво-2” тоглолт маань Бөхийн өргөөнд тоглогдох гэж байна. Бид тоглолтод бэлдэн завгүй ажиллаж байна. -“Браво-2” тоглолт нь өмнө тоглогдож байсан циркийн тоглолтоос ямар ялгаатай вэ. Шинэ, содон үзүүлбэрүүд нэмэгдсэн үү? -Үзүүлбэрүүдийн хувьд 50 хувь нь амьтад, 50 хувь нь циркийн уран бүтээлчид байна. Циркийн үзүүлбэр нь өөрөө олон төрлийн номероос бүрдсэн байдаг. “Браво-2” тоглолтын шинэ үзүүлбэрийн хувьд Монголд сүүлийн 10 гаруй жил тоглогдоогүй агаарын хаан үзүүлбэр, акробат зэрэг маш гоё үзүүлбэрүүдийг сонгож, олон улсын циркийн байгууллагатай гэрээ хийн авч ирж байна. Үүнээс онцлоход, агаарын нислэг, акробатын үзүүлбэр, алиалагч нар багтана. Алиалагчийн үзүүлбэр бол хүүхэд багачуудын хувьд хамгийн сонирхолтой, содон номер байдаг шүү дээ. Амьтдаас гэвэл тоть, аварга пүүдэл нохой /Poodle/, мууруудын шилдэг үзүүлбэрүүд нэмэгдсэн. Нийт уран бүтээлчдийн 80 хувь нь гаднынх, 20 хувь нь Монголын уран бүтээлчид байна. -Тоглолтод насны хязгаар заасан уу. Циркийн урлагаас ямар ухаарлыг олж, харж болох вэ? -Циркийн урлаг бол гэр бүлийн урлаг. Циркийг хүүхэд багачууд илүү их сонирхож, илүү ихээр таашаан үздэг. Жишээ нь, кино болон жүжгийг утга агуулга, насны хязгаарлалтаас болоод эцэг эхчүүд л үзэх боломжтой байдаг шүү дээ. Харин циркийн урлагийн хувьд бүх насныхан үзэх боломжтой учраас гэр бүлээрээ хамт үзэхэд хамгийн тохиромжтой үзвэр юм. Судалгаанаас харахад, хүүхдийн мартагдашгүй нандин дурсамж 3-10 насны хооронд бий болгодог. Нийт эцэг эхчүүдийн 70 хувь нь ихэвчлэн хүүхдийнхээ хичээл боловсрол, хүмүүжил, дүнд нь л их анхаарал хандуулдаг юм байна. Гэтэл урлагийн талаар боловсрол олгох, дурсамж үлдээх нь их ховор. Тэр нь ээж аав нарын буруу биш ч хичээл номдоо сайн байгаарай гэж хэлдэг хэдий ч, гэгээлэг, баяртай дурсамжийнх нь орон зайг нөхөж өгдөггүй юм байна лээ. Тиймээс бид уг судалгаан дээр суурилан циркийг гэр бүлээрээ үзэхэд ямар үзүүлбэрүүд бэлдэх вэ, ямар уран бүтээлч, амьтдыг Монголд авчирвал тохиромжтой байх вэ гэдгийг ярилцан зөвшилцөж тоглолтоо зохион байгуулсан. -Өмнөх циркийн тоглолтыг хэчнээн хүн ирж үзсэн бэ. Үзэгчдийн сэтгэгдлээс хуваалцвал? -Магадгүй манай тоглолтын найруулга, хөтөлбөр, зохион байгуулалт муу байсан бол эхний хэдэн өдрөөсөө л борлуулалт муудах, сөрөг сэтгэгдэл, шуум сонсогдох байсан байх гэж бодож байна. Гэвч эхний өдрөөсөө л дүүрэн үзэгчидтэйгээр тоглосон. Тоглолтын хугацаа дуусах хүртэл өдөр бүр бүх тасалбар борлуулагдаж дууссан. Суудал дүүрэн тоглолтоо үргэлжлүүлж байсан. Цирк гэдэг урлагийг мөхөөхгүй байхсан, үзүүлбэрүүдээ улам гоё баяжуулъя, үзвэр үйлчилгээгээ нэмье, зохион байгуулалтаа сайжруулъя гэсэн бодлоготой ажиллаж байгаа болохоор ч тэр үү тоглолт маань амжилттай тоглогдсон. Ирж сонирхсон үзэгчдийн сэтгэгдлийн хувьд “маш их таалагдлаа” “дахиж хэзээ тоглогдох вэ” “тэсэн ядан хүлээж байна” зэрэг эерэг комментуудыг пэйж хуудсанд бичиж үлдээсэн байсан. “Браво-1” тоглолт баяртай, жаргалтай тоглогдож өндөрлөсөн. Мэдээж үзүүлбэрүүдээ баяжуулж, сайжруулан “Браво-2” тоглолтоороо эргэн ирж байгаадаа баяртай байна. -Тоглолтын бэлтгэл ажил, үйл ажиллагааны явцаас сонирхуулвал? -Бид тоглолтдоо зориулж өндөр таашаал мэдрүүлэхээр шинэ тайз зассанаас гадна гэр бүлээрээ дурсамжийн зургаа татуулах хэсгийг бэлдсэн. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд нарийн боловсруулсан хөтөлбөртэй, дуутай, гайхшрам үзүүлбэрүүдтэй зохион байгуулж байна. Тоглолт бүрийг төрийн дууллаар эгшиглүүлэн эхлүүлдэг уламжлалтай. Учир нь гадна дотнын уран бүтээлчдэд төрийн дууллаа таниулах, өргөө дүүрэн үзэгчид бүгд эх орноороо бахархаж, омогшиж байгааг харах нь маш торгон мөч байдаг. Мөн тоглолтын нэр болон хөтөлбөртөө зориулан “Браво” гэх дууг албан ёсоор зохиож, найруулсан. Уг дуугаа хэдхэн хоногийн өмнө үзэгчдэдээ дүрсжүүлэн өргөн барьсан. Youtube хуудсанд хайлтаараа тэргүүлж байгаагаас гадна хандалт сайтай байгаад бид бүхэн талархаж байна. -Гаднын уран бүтээлчдээ сонгохдоо хэрхэн, яаж сонгодог вэ? -Гадаад уран бүтээлчдийг сонгохдоо олон шагналыг циркийн уралдаан, тэмцээнүүдээс авч байсан, тивд, дэлхийд үнэлэгдсэн чадварлаг уран бүтээлчдийг сонгож, шалгаруулан урьсан. Гаднын уран бүтээлчид тоглолтод оролцохдоо их өндөр шалгуур тавьдаг. Жишээлбэл, Онгоцоор ирэхдээ Business class-аар зорчих, өндөр зэрэглэлийн 5 одтой зочид буудалд байрлах, өрөөндөө ганцаараа байх зэрэг олон шаардлагууд тавьдаг. Энэ бүхэнд тохируулан төлөвлөж ажилладаг. -“Браво-2” тоглолт хэзээнээс эхлэн тоглогдох вэ. Мөн тасалбарыг хаагуур худалдаалж байна вэ? -“Браво-2” тоглолт гуравдугаар сарын 24-нөөс эхлэн дөрөвдүгээр сарын 2-ны өдөр хүртэл тоглогдоно. Тоглолт маань инээдмийн баярын өдрүүдэд таарч байгаа. Монголын түгжрэлтэй нөхцлийг харгалзан цахим хаяг болох ticket.mn-ээр тасалбараа худалдан авах боломжийг нээсэн. Энэ нь хамгийн хурдан, хамгийн оновчтой, цаг хэмнэсэн үйлдэл гэж бодож байна. Мөн худалдан авсан тасалбар бүрд “Vivi Fashion” дэлгүүрээс худалдан авалт хийх 10 мянган төгрөгийн ваучер дагалдаж очихыг хэлэхэд таатай байна. Монголын ард түмэн минь гэр бүлээрээ, ах дүүсээрээ бөөндөө ирж циркийн урлагийн гайхамшиг, таашаалыг мэдрээрэй. Та яг одоо: линкээр дарж ороод суудлаа сонгоорой. Лавлах утас: 8877-0003, 8986-2966