АНХААРУУЛГА: Өвөрхангай-Баянхонгор-Алтай чиглэлийн авто зам усанд автжээ

2023 оны наймдугаар сарын 1-ний өдрийн 20:25 цагийн байдлаар А0303 дугаартай Баянхонгор-Алтай чиглэлийн авто замын 45 км болон 195 км-т аадар бороо ихээр орсны улмаас замын зорчих хэсэг дээгүүр ус давж урссан тул хөдөлгөөнийг хаасан хэвээр байна.

Түүнээс гадна 2023.08.02-ны шөнийн 01:00 цагийн байдлаар улсын чанартай авто замын А0302 дугаартай Өвөрхангай-Баянхонгор чиглэлийн 7-8 км,  13-14 км хооронд уулын үер бууж зам дээгүүр ус давж үерлэжээ.  Үерийн ус одоогоор татраагүй, аймгийн онцгой байдал, замын цагдаа болон “Өвөрхангай АЗЗА” ТӨХК-н баг бүрэлдэхүүн хамтран үерт суусан авто машиныг татаж гаргах, суусан машины зорчигч нарыг аймаг руу шилжүүлэх ажил хийгдэж байна. Хөдөлгөөн түр саатаад байна.


Үүний улмаас Нарийн гүүрийн хоёр талын чулуун бэхэлгээ эвдэрсэн, хөвөө хучилтын ирмэгт тулж урссан байдалтай байгааг “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас анхаарууллаа. 

Иймд 

  • Тус чиглэлд хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчуулахгүй,
  • Шөнө оройн цагаар үзэгдэх орчин хязгаарлагдмал үед тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна. 

Тус замын 50км-т аймгийн Онцгой байдлын газраас эргүүл ажиллаж байгаа бөгөөд зам хариуцагч "Их богд Зам" ХХК-д хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, тeхник хэрэгслийг бэлэн байдалд байлгах чиглэлийг өгчээ. Баянхонгор талаас суудлын авто машин 30, автобус 3, ачааны авто машин 1, 3 автобусанд зорчигч 104, жижиг тэргэнд ойролцоогоор 80 хүн боогдсон байдалтай байна. Аймгийн онцгой комисс болон цагдаагийн байгууллагатай бүсийн инженер Д.Отгонбаяр газар дээр нь хамтран ажиллаж байна.

Мөн Бүсийн инжeнeр тухайн эвдрэл үүссэн газарт ажиллаж байна гэж “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас мэдээллээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.