БОР-ӨНДӨРИЙН УУРХАЙН ЦООНОГ ҮЕРИЙН УСААР ДҮҮРЧ, ХОЁР ХҮН УУРХАЙН ГҮНЭЭС ГАРЧ ЧАДААГҮЙ БАЙНА

Хэнтий аймгийн нутагт өчигдөр усархаг бороо оржээ. Борооны улмаас зургаадугаар сарын 18-ны 20.00 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх жоншны хувийн уурхайн 30-40 метрийн гүнтэй цооног руу үерийн ус орж, тухайн үед уурхайн гүнд ажиллаж байсан хоёр ажилтан гарч ирж чадаагүй байна. Энэ тухай дуудлагыг зургаадугаар сарын 18-ны 20:25 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан 20:50 цагт очиход жоншны уурхайн 30 метрийн босоо, 18 метрийн хөндлөн уурхайн цооног үерийн усаар дүүрсэн байв.

Уурхайн гүнд ажиллаж байсан ажилтан 40 настай эрэгтэй Ж, 33 настай эрэгтэй С нар гарч ирж чадаагүй тухай мэдэгдсэний дагуу Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрээс 11 квт-ын хүчин чадалтай нэг насос авчирч суурилуулан 03:35 цагт усыг соруулах ажиллагааг эхлүүлсэн байна.

06:30 цагийн байдлаар уурхайн амнаас доош 11 метр хүртэлх усыг соруулсан ба “Баргилт”-ын уурхайгаас 400 квт-ын хүчин чадалтай дахин нэг насос татан авчруулж байна.

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллахаар 06.19-ний 05:20 цагт Хэнтий аймгийн чиглэлд хөдөлсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.