“ГАЦУУРТ ХХК”-НИЙ ЗАХИРАЛ, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Л.ЧИНБАТАД ХҮНИЙ АМИЙГ ХӨНӨӨХӨӨР ЗАВДСАН, ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН ҮНДЭСЛЭЛЭЭР ХЭРЭГ НЭЭЖЭЭ

“Гацуурт” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын II багийн нутагт иргэд, малчдыг жолоодож явсан “Ланд круйзер” загварын автомашинаараа дайрч гэмтээсэн үйлдэл олны анхаарлын төвд байна. Дорнодын Баян-Уул сумаас гарал үүслийн гэрчилгээгүй 323 адууг Сэлэнгэ аймгийн нутагт тууж ирснийг орон нутгийнхан нь эсэргүүцэж, Л.Чинбат тэднээс нэг бус хүнийг дайрсан талаар бид мэдээлсээр байгаа.

Уг адууг нь Төв аймгийн Баянцогт сумын уугуул, улсын харцага Ө.Даваабаатар тууж ирсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрынхан хэргийн газарт ажиллаж гэрчүүдээс тайлбар, мэдүүлэг авах үед утсаа салгаж, хаана байгаа нь тодорхойгүй болсон байв. Тиймээс түүнийг олж тайлбар мэдүүлэг авах шаардлагатай гэж хууль хяналтын байгууллагынхан үзсэн юм. Харин үдэш нь тэрбээр зарим цахим хуудасны сурвалжлагчид “Утас цэнэггүй болсон байсан. Би одоо тайлбар өгөхөөр явах гэж байна” хэмээн ярьсан.

“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат дуулиан дэгдээснийхээ маргааш өглөө Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчдөд тайлбар өгөөд удалгүй тус аймаг дахь “Алтанбулаг” боомтоор хил давж ОХУ руу явсан юм. Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу дөнгөж шалгалт эхэлж байсан учраас шүүх нь түүнд хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах боломж бүрдээгүй үед ийнхүү хилээр гарчихав. Харин өмгөөлөгч нь “ОХУ-ын Буриад улс руу газар тариалангийн ажлаар явсан. Удахгүй эргэж ирнэ” хэмээж буй.

Эх сурвалжуудын мэдээлснээр “Гацуурт” ХХК-ийн захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбатад Эрүүгийн хуулийн гурван ч зүйл заалтын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол прокурор баталсан аж. Тодруулбал,


хэд хэдэн хүнийг “Ланд круйзер-200” загварын 1559 УБЦ улсын дугаартай автомашинаар хөөж дайрч, гэмтээсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-1 дэх хэсгийн журамлан тусгай ангийн 10.1-д заасан хүний амийг хөнөөхөөр завдсан, олон нийтийн сүлжээнд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын иргэдийг малын хулгайч хэмээн мэдэгдэл гаргаж бусдын гүтгэсэн хэмээн тус хуулийн 13.14-т зааснаар, нийтийн хэв журмыг зөрчиж бусдад хүч хэрэглэн, гэмтээж, хүний халдашгүй, чөлөөтэй байх, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна.



Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.