30 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ МОНГОЛЫН БОДИБИЛДИНГИЙН СПОРТ УЛСТӨРЧДИЙН ШУНАЛЫН ЭЭЛЖИТ ЗОЛИОС БОЛОВ УУ

Монголын спортод талцал хуваагдлаас болж тамирчид хохирсон түүх мундахгүй их бий. Сагсанбөмбөгийн спорт гэхэд хоёр холбоо байгуулагдаж, нэг, нэгнээ үгүйсгэснээс Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос тэмцээн уралдаанд оролцох эрхээ хасуулж, сагсан бөмбөгийн тамирчдын бүхэл бүтэн үе хохирч үлдсэн хар түүх хуучраагүй байна.

Тэгвэл энэ хар түүх өдгөө бодибилдинг, фитнессийн тамирчдыг дайрах болчихоод байна.

Магадгүй та – “Өө монголчууд хэзээнээсээ нэгдэж нийлж чаддаггүй, энэ ердөө л хоёр холбооны талцал, хуваагдал” гэж бодож байж болох юм.  

Гэвч хөшигний ард өрнөж буй үйл явдал танд ч надад ч хамааралтай. Учир юу гэвээс бодибилдинг фитнесс өргөн хүрээг хамардаг. Та өнөөдөр гэнэт бөх болох шийвдэр гаргахгүй байж болох ч фитнесийн заал руу зорих хэрэгцээ шаардлага нэг л өдөр гарахыг үгүйсгэхгүй.

Энэ тохиолдолд таны багш хэн байх вэ?

Танд санаанд оромгүй үр дүн амлаад таныг эрүүл мэндээр хохироож мэдэх хэн нэгэн байх вий. Хүсэл зорилгодоо хөтлөгдөн бодибилдинг фитнесийн тамирчин болохоор тэмүүлсэн таны хүү, охиныг хэн нэгэн “багш” допингоор угжаад байвал яана вэ?

 Иймийн тулд энэ сэдвийг хөндөж, энэ сэдвийн мэдээлэлтэй байхын тулд хөшгийг хамтдаа нээе.

ХӨГЖЛИЙН ТОДОРХОЙ ТҮВШИНД ХҮРСЭН МОНГОЛЫН БОДИБИЛДИНГИЙН СПОРТ УЛСТӨРЧДИЙН НӨЛӨӨГӨӨР ХУВААГДЖЭЭ

Монголд бодибилдингийн спорт эрчимтэй хөгжөөд 30 гаруй жил өнгөрч байна. Энэхүү спортыг монголчуудад таниулж, хөгжүүлсэн ууган холбоо бол Монголын бодибилдинг, фитнессийн холбоо. Монголын мистерээр гурваас дээш удаа тодорсон, бодибилдингийн амьд домгууд Б.Батсуурь, А.Энхтайван, Ж.Нурлан, Д.Бат-Эрдэнэ, Э.Ганзориг тэргүүтэй шилдгүүд бүгд энэ холбоонд харъяалагддаг. Эмэгтэйчүүдээс бидний таних МУГТ Г.Угалзцэцэг гээд товчхондоо Монголын бодибилдингийн спортын 30 жилийн хөгжил дэвшил, уламжлалыг тээж яваа холбоо юм.

Тэгвэл эв нэгдэлтэй, өв уламжлалаа баяжуулж явсан Монголын бодибилдингийн спортын тамирчид хуваагдах нэг шалтгаан 2019 онд тавигджээ. Бодбилдингийн хувийн дасгалжуулагчаар ажилладаг Ш.Амарсайхан мөн онд Монголын бодибилдинг, фитнессийн хөгжлийн гэх тодоголтой холбоог үүсгэн байгуулж, тэмцээн уралдаан зохион байгуулж эхэлсэн аж.

Ш.Амарсайхан бол өөрөө сайн тамирчин, дасгалжуулагч байсан ч допинг илрээд тэмцээнд оролцох эрх нь хасагдаж байсан нэгэн. Тэрбээр улс төрд нөлөө бүхий эрхмүүдийн хувийн дасгалжуулагчаар ажиллаж, тэдний нөмөр нөөлөгт багтсан тул ийнхүү холбоо байгуулсан гэж салбарынхан нь ярьдаг юм байна. Өөрөөр хэлбэл, нэр бүхий улстөрчдийн ятгалгаар ийнхүү холбоо байгуулж, тамирчдаа талцуулжээ.

МОНГОЛЫН БОДИБИЛДИНГ ФИТНЕССИЙН ХӨГЖЛИЙН ХОЛБОО ШИНЭ ЗАЛУУ ТАМИРЧДАД МОНГОЛЫН МИСТЕР ЦОЛЫГ ДАВХАРДУУЛАН ОЛГОЖ МИСТЕР ЦОЛЫГ ҮНЭГҮЙДҮҮЛЖ БАЙНА

Спортын холбоо гэдэг ТББ, хүмүүс тодорхой зорилгын дор нэгдээд зүтгэдэг, болохгүй бол больдог тийм л зүйл.

Гэхдээ эвлэлдэн нэгдэхийн утга учир нь тэд энэ насны амьдралаа зориулсан спортоо мэргэжлийн түвшинд хөгжүүлэх туйлын зорилготой, илүү олон залууст эрүүл амьдралын хэв маягийг таниулах хүсэлтэй. Энэ ч утгаараа Монголын бодибилдинг фитнесийн холбооноос тэмцээн уралдаан, олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулж, энэ спортыг суртачилан таниулах үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулдаг. Тухайлахад, энэ жилийн хотын аврагад 300 гаруй тамирчин багадаа 3-4 сар бэлтгэгдэн өрсөлдсөнөөс жин жингийн ангилалд тэргүүлсэн шигшигдмэл цөөн хэдэн тамирчин улсын аварга, Монголын мистерт өрсөлдөх эрхээ авсан.  Зохион байгуулагч Монголын бодилдинг фитнесийн холбооны шинэ удирдлагууд өөрсдөө тамирчид байсан учир тамирчдынхаа хүч хөдөлмөрийг шударгаар шүүж, бодитойгоор үнэлэх зорилт тавин шагналын сангаа нэмэгдүүлэх, олон нийтэд энэ спортыг зөвөөр таниулах үүднээс 14 цагийн туршид тэмцээнийг live streaming-ээр  шууд дамжуулж, 160 мянга гаруй үзэлт, хандалтыг авсан нь тамирчдын хувьд ч, үзэгчдийн хувьд ч сэтгэл ханамжийг өгч чадсан.

Гэтэл шил даран нөгөөх “Хөгжлийн” холбоо нь Монголын “Мистер”, “Мисс” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, Монголын үе үеийн мистерүүдтэй эн дүйхгүй нэгнийг мистерээр тодруулж орхих нь тэр. Монголын мистер гэдэг үндэсний бөхөөр улсын аврага цолтой дүйх хэмжээний цол, Монголын мистерээр тодроно гэдэг нөр их хөдөлмөр.

Уг холбоо байгуулагдаад зохион тэмцээнүүдийг авч үзвэл чанарын шаардлага хангахгүй шууд дамжуулалт, маш бага шагналын сангаар тамирчдын хөдөлмөрийг үнэгүйдүүлэхээс гадна нөгөө мистер цолыг үнэгүйдүүлж өсөж буй эд бяр ханаагүй залуусд олгож тамирчдыг талцуулах болжээ. Яг л шинэ бөхийн холбоо байгуулаад сумын залуу бөхөд арслан цол олгохтой адил зүйл болох нь тэр. 

Ш.Амарсайханы байгуулж, ЕНБД-аар нь ажилладаг Монголын бодибилдинг, фитнессийн хөгжлийн холбоо олон жилийн түүхтэй ч энэ спорттой холбоотой хар бараан, бугшмал бүгдийг өөртөө шингээсэн Олон улсын бодибилдинг, фитнессийн холбоонд гишүүнчлэлтэй болсон юм байна. Дэлхийн допингийн эсрэг байгууллага /WADA/ энэ холбоог Допингийн эсрэг кодексыг зөрчдөг хэмээн зарлаж, цаашид тус байгууллагатай хамтарч ажиллахгүй гэдгээ 2022 оны есдүгээр сард албажуулжээ / https://www.wada-ama.org/en/news/wada-confirms-non-compliance-international-federation-bodybuilding-and-fitness /. Тус холбооны гишүүн Монголын бодибилдинг, фитнессийн хөгжлийн холбоо мөн Дэлхийн допингийн эсрэг байгууллагатай хамтарч ажиллах эрхгүй болсон гэсэн үг. Ингэснээр Монголын бодибилдинг, фитнессийн хөгжлийн холбоо допингийн үүр уурхай болж, залуусын эрүүл мэндээр тоглох вий гэсэн болгоомжлол зүй ёсоор үүсэж байна.

Монголын бодибилдинг, фитнессийн хөгжлийн холбоонд хэдийгээр нийт тамирчдын 15-20 хувь нь л хамрагддаг боловч дийлэнх нь Монголын бодибилдинг, фитнессийн холбоо буюу ууган холбооны тэмцээн уралдаанд орох шалгуурыг хангах түвшинд бэлтгэгдээгүй залуу тамирчид байдаг. Тэд хурдан хугацаанд амжилт гаргахын тулд болчимгүй шийдвэр гаргахыг хэн үгүйсгэх билээ. Мөн цол гуншингийн төлөө шагнал багатай ч Хөгжлийн гэх тодотголтой тэмцээнд оролцож байна.

Улс төрчид спортын салбарыг өөрсдийн эзэмшил нутгаа гэж хардаг, нөлөөгөө тогтоох замаар нэр хүндээ өсгөх гэж оролддог нь нууц биш. Тэдний энэхүү шуналын ээлжит бай бодибилдингийн спорт, энэ гайхамшигтай спортод амьдралаа зориулах гэж буй залуу тамирчид, хүүхэд залуус болж байгаа нь харамсалтай.     

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.