ҮНСИЙГ ЦЕМЕНТТЭЙ ХОЛЬЖ БАРИЛГА БАРЬХАД ХҮРГЭСЭН НОЦТОЙ ҮЙЛДЭЛД ТӨРИЙН АЖИЛТНУУД Ч ОРОЛЦЖЭЭ !

Гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй эмэгтэй 2019 оны есдүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд “Пума сервис” ХХК-ийн хашааг түрээсэлж хуурамч цемент үйлдвэрлэж, түүнийгээ зардаг байжээ. Ингэхдээ “Мак цемент” ХХК-ийн барааны тэмдэг буюу “Мак евро цемент” гэсэн цемент болон уутыг ашиглаж , цемент болон үнсийг хольж, бусдад худалддаг байсан нь илэрсэн.

Учир нь түүний хуурамчаар хийсэн цемент худалдаж авсан “Ай Би Эс групп” ХХК, “Оршил” констракшн ХХК-иуд тухайн цементээр орон сууцны давхруудын цутгалтын ажил хийсэн бөгөөд тус цементээр хийсэн ажил нь шаардлага хангахгүй, хөлөөр үрэхэд шороо болж бутраад байжээ. Тиймээс дахин хуулж, ажлаа дахин хийх болсон гэх мэт эдийн засаг болон цаг хугацааны хувьд их хохирол амссан байна.Тэгвэл энэ хууль бус ажиллагаанд төрийн өмчит компанийн ажилтнууд хүртэл оролцдог байсан нь ил болжээ.Тодруулбал, залилан мэхлэгч эмэгтэйд үнс нийлүүлдэг байсан этгээдүүд нь “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” Төрийн өмчит хувьцаат компанийн ажилтнууд бөгөөд “Зуухан” цехийн цахилгааны шүүлтүүрээс гарч байгаа хуурай үнсийг бусдад худалдаж, ашиг олдог байжээ. Ингэхдээ компанийн хашаа руу үнс ачих машиныг бүртгэхгүй оруулж , гарахад зарлагын баримт үйлдэхгүйгээр гаргаж байсан нь илрээд байна. Тиймээс тэднийг АТГ-т эрүүгийн хэрэг үүсгэн мөн шалгаж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.