Ч.МАРАЛМАА ХУД-ИЙН НУТАГ ДЭВСГЭРЭЭС ГАРВАЛ ШИЙТГЭЛИЙГ ХОРИХ ЯЛ БОЛГОЖ ӨӨРЧИЛНӨ

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн Ч.Маралмааг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчин их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан “хорихоос өөр төрлийн ял оногдуулах” тухай хүсэлт зэргийг харгалзан түүнд 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.

Мөн хугацаанд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1.7 сая төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь цаашид гарах хохирлыг жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуульд заасны дагуу дээрх гэмт хэрэг үйлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүнд  1 жилээс 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх авахыг хязгаарлаж хасах нэмэгдэл ял оногдуулж, 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар  зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах бөгөөд ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солино.

Тоймыг бэлтгэсэн: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Шинэхүү

    15 цаг 07 минут

2023.03.06

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ч.Маралмаагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасаж, хоёр жил зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулав.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих

2.2.тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн;

2.4.их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

   09 цаг 03 минут

2023.03.06

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2023.03.06/ урсгал сөрж, 12 настай хүүхэд гэмтээн, долоон автомашин мөргөсөн иргэн Ч.Маралмаад холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан болно.

Шүүх хуралдааныг өмнө нь өмгөөлөгч эмнэлэгт хэвтсэн зэрэг шалтгаанаар хоёр удаа хойшлуулаад буй юм.

Хэргийг сануулахад,  Ч.Маралмаа нь 2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3, 11.5-т заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгал сөрөн 7 автомашин мөргөсөн.

Мөн явган хүний замаар явж байсан 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.