ХЭРЭВ ТАНЫ МЭДЭЭЛЭЛ ЗӨРҮҮТЭЙ БАЙВАЛ ӨРХИЙН ОРЛОГОО БОДУУЛААД ХҮҮХДИЙН МӨНГӨӨ НӨХӨЖ АВАХ БОЛОМЖТОЙ

Хүүхдийн тэтгэмж олгохтой холбоотой журам болон цаашдын боломжуудын талаар ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр мэдээлэл өгөв.
Тэрбээр "Монголд анх удаа төрийн мэдээлэлд тулгуурлан өрхөө үнэлж, улмаар аргачлал боловсруулсан. Энэ удаагийн аргачлалаар төрийн таван байгууллагын мэдээлэлд үндэслэж байгаа.
Тодруулбал, ҮСХ-ноос гаргаж байгаа хүн ам, өрхийн мэдээллийн сан, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, АТҮТ, Улсын бүртгэлийн газар гэсэн таван байгууллагын 12 үзүүлэлтээр өрхийг үнэлсэн.
Цахим шилжилтийн хүрээнд төр, иргэн хамтарч төрд байгаа мэдээллээ зайлшгүй засварлах шаардлага бий болж байна. Гэхдээ олон иргэнээс "миний мэдээлэл зөрүүтэй байна" гэсэн санал ирсэн. Хэрэв мэдээллийн зөрүүтэй байдал үүссэн бол засаж, залруулах бүрэн боломжтой. Жишээлбэл, ам бүлийн мэдээлэл зөрүүтэй байвал баг, хорооныхоо ЗДТГ-т очиж, өрхийн мэдээллийг өөрчлүүлж болно.
Магадгүй таны мэдээлэлд нэг машин нэмсэн байвал АТҮТ-д хандах боломжтой. Ингэж мэдээллээ засварласны дараа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас өрхийн амьжиргааг дахин тооцох юм. Та бүхэнд хүсэлт гаргасан өдрөөс эхлэн хүүхдийн мөнгийг нөхөж олгох боломжтой. Хувийн мэдээллээ шалгаж үзээд аль байгууллагад ямар алдаатай байгаа талаар хүсэлтээ өгч болно. Тухайн байгууллага дээр биечилж очоод хүсэлтээ өгөөд мэдээллээ шинэчлүүлэх асуудал байгаа" гэв.
Мөн "Бид яагаад иргэдийн мэдээллийг засаж болохгүй байна гэх асуулт үүсэж байна. Төр хувь хүний мэдээллийг шууд засах боломжгүй. Иймд иргэдтэйгээ нийлээд мэдээллээ зөв болгоод явна. Үүний дараа өрхийн орлогыг тооцож үзнэ. Улмаар хүүхдийн мөнгийг нөхөж олгох зохицуулалтаар явж байгаа.
Хэрэв таны мэдээлэл зөрүүтэй байвал үүнийг шинэчлүүлж, дахин өрхийн орлогоо бодуулаад хүүхдийн мөнгөө нөхөж авах боломжтой" хэмээв.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.