25 April 2020
10 mins read
159k Views
Сүүлийн жилүүдэд иргэдийн гадаадад аялах, суралцах, ажиллаж амьдрах сонирхол нэмэгдсэнтэй холбоотойгоор хууль хяналтын байгууллагад залилангийн гэмт хэрэг ихээр бүртгэгдэх болсон. Иргэд гадаад явах зорилгоор эд хөрөнгөө барьцаанд тавьж, бусдаас зээл, тусламж авч “Виз найдвартай гаргана/цагаачлал, ажил олгох, суралцах, зорчих виз, байнга оршин суух виз гэх мэт гэсэн хүмүүст ханддаг. Гэтэл “найдвартай хэмээн амласан этгээд иргэдийн мөнгийг нь авсан даруйдаа л зугтдаг. Мөн бэлэн мөнгө авсан, өгсөн баримт үйлддэггүй, тухайн хүнээ судлалгүй “аман гэрээ хийж их хэмжээний мөнгө залилуулсан хохирогчийн тоо нэмэгдэж байна. Түүнчлэн урьд нь залилах хэрэг үйлдэн шүүхээр ял шийтгэгдсэн этгээдүүд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байна. Визний залилан буюу энэ төрлийн аргаар гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийн арга нь улам нарийсч Монгол Улсаас гадаад улсад оршин суугаа Элчин сайд, Өргөмжит консулын гарын үсэг, хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдэх, зуучлуулагч болон виз гаргуулах хүсэлттэй иргэдтэй гадаадын иргэдийн нэрээр холбогдох, цахим хаяг, чат, гадны улсын утасны дугаараар холбоо барьж, бусдыг хуурдаг аж. “Чадаж байгаа юманд аргагүй байхгүй гэдэг шиг нэгэнт залилаад мөнгө авчихсан хүнийг яалтай билээ. Эдийн засгийн хүнд нөхцөл байдлын улмаас “визний залилан хэмээн нэр томьёо хууль хяналтынхны дунд хэрэглэгдэх болжээ. Цагдаа, шүүхийн байгууллагуудаас энэ чиглэлийн анхааруулга, сэрэмжлүүлэг байнга гаргадаг ч иргэд хууртсаар. Эх орондоо байснаас харийн оронд очиж хар, бор ажил хийсэн нь дээр гэж үзсэн иргэдэд юуных нь бэлэн мөнгө байхав. Байгаа хөрөнгөө барьцаанд тавьж, “Виз найдвартай гаргана гэсэн нэгэнд ханддаг. Гэтэл “найдвартай хэмээх амласан этгээд иргэдийн мөнгийг нь авсан даруйдаа л зугтдаг. Бэлэн мөнгө авсан, өгсөн баримт үйлддэггүй, тухайн хүнээ судлалгүй “аман гэрээ хийж их хэмжээний мөнгө залилуулсан иргэд хэдэн зуугаар тоологдоно. Монгол нь Монголоо хуураад зогсохгүй харийнхантай нийлж элэг нэгтнүүдээ мэхэлдэг болсон. Тэр ч бүү хэл дурын нэгэн гадаадын иргэн эх оронд минь ирээд “Визийг чинь найдвартай гаргаж өгнө хэмээн амлаж байгаад гадагшаа гарахын мөрөөсөл болсон хүмүүсийн халаасыг сэгсрээд явчихсан тохиолдол бий.