25 April 2020
10 mins read
159k Views
Х.Хэрлэнтэй “УБТЗ” нэг жилийн дотор юу болж өнгөрөв? Х.Хэрлэн болон түүний багийг “төмөр замын түгжрэлийн үе” угтсан гэж хэлж болно. Түгжрэлийг зөв оношлож “эмчлэх”-ээс ажил нь эхэлсэн. Үүнийг яаж хийсэн бэ? Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 28-нд БНХАУ цар тахлын халдварыг хумих зорилгоор төмөр замаар зөвхөн чингэлэгтэй ачаа авна гэсэн “тээг” тавьсан. Энэ нь галт тэрэг солилцоог огцом буурахад хүргэж УБТЗ-ын тээврийн орлого тасарч санхүүгийн эрсдэлд орчихоод байв. Ингээд шинээр томилогдсон “УБТЗ”-ын удирдлагын баг маш хурдан хугацаанд ажилдаа дасах, менежментийн хурд, “маневр”-ийг харуулах шаардлагатай болсон. Замын-Үүд-Эрээн өртөө хоорондын хоногийн галт тэрэг солилцоо 4-хөн болтлоо буураад байсан үе шүү дээ. Хятадын талтай тогтмол цахим уулзалтууд хийж баахан албан бичиг “шидэлсээр” ердөө 20-хон хоногийн дотор буюу 2022 оны 1 дүгээр сарын 19-нөөс эхлэн хоногт 10 галт тэрэг болгон нэмэгдүүлсэн. Үүнээс найман сарын дараа хоногт 14 галт тэрэг, өнгөрсөн сараас эхлэн хоногт 15 галттхэрэг солилож УБТЗ-ын тээврийн орлогын алдагдлыг бууруулж улсын хэмжээнд экспортын тээврийн хэмжээг нэмэгдүүлж ямар ч байсан “түгжрэл”-ийг зассан юм. Х.Хэрлэнг “төмөр замчин биш” гэсэн гоочлол ч ажлын үр дүнг нь хараад намдаж ямаршуухан менежер болохыг нь харлаа. “Газар дээр нь” гэдэг шиг Замын-Үүд өртөөн дээр нь бараг дөрвөн сар өртөө, зөрлөгийн замыг тэгнэж саатчихаад байсан 1100 задгай вагонд ачсан экспортын нүүрсийг бүтэн 8 сарын “хориг” тавьчихаад байхад нь Хөх хотын төмөр замын компанитай ярьж тохирсноор Эрээн өртөөнд хүлээлгэж өгөх асуудлыг яаралтай шийдвэрлэв. Үр дүнд нь 71500 тонн нүүрс хаягдал болж олон компанийг өр төлбөрт орох эрсдлээс хамгаалсан. Үүнтэй зэрэгцүүлэх Хятадын төмөр замын нарийн царигийн вагонд Хятадын эзэмшлийн чингэлгүүдийг ачих болсноор галт тэрэг солилоцоог нэмэгдүүлж, импортын чингэлгийн вагоны хангалтыг сайжруулах нөхцөл бүрдсэн. Тяньжин дахь түгжрэлийг хэрхэн оношилж эмчлэв? Гэвч “Байхгүйн зовлон” өргөс авсан мэт алга болохгүй учраас “түгжрэл” үргэлжилсээр. Тяньжинд бөөгнөрсөн импортын чингэлгийг яаралтай татан авах үүргийг Засгийн газар, ЗТХЯ-наас өгсний дагуу дахиад “шуурхай” маневрын төлөвлөгөөгөө зурж ажилласнаар өнөөдрийн байдлаар 619 галт тэргээр 61894 чингэлэг тээвэрлээд байна гэсэн дүн мэдээтэй байна. Тяньжинд хуримтлагдсан чингэлгийн тоо 1310 болтлоо буурч хэвийн түвшинд хүрэх нь энэ. Үүнийг хийхдээ Гаалийн ерөнхий газар, Тээвэр зуучуудын холбоо болон хувийн вагонтой ААН-үүдтэй хамтарч ажиллаж чадсаны дүнд өнөөдрийн байдлаар импортын чингэлгийн тээвэрт УБТЗ-ын 515 вагон, хувийн эзэмшлийн 1230 вагон, транзит тээврийн 1390 вагоныг ашиглаж байна. Ингэснээр УБТЗ-аар тээвэрлэгдэж байгаа импортын чингэлэгтэй ачаа өнгөрсөн жилүүдийнхтэй харьцуулахад 178 хувиар, энэ 10 дугаар сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеийнхээс 18.5 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа нь УБТЗ-ын хамт олон эдийн засгийн хүндрэлийн “халуун цэг” дээр ажиллаж байгааг харуулж байна. “УБТЗ” ХНН-ийн хувь нийлүүлэгч байгууллагуудын олон жил ярьсан тээврийн тарифыг индексжүүлэх замаар санхүүгийн алдагдлыг багасгах, улмаар ашигтай ажиллуулах асуудлыг Х.Хэрлэнгийн багийнхан бодит ажил хэрэг болгож энэ оны 3 дугаар сарын 27-ноос эхлэн 11 төрлийн тээврийн тарифыг индексжүүлэн нэмэгдүүлсэн. Мөн энэ сарын 1-нээс эхлээд зэс, зэсийн баяжмал, экспортын нүүрс, зорчигч тээвэр гэсэн таван төрлийн тээврийн тарифыг 15-20 хувиар индексжүүлэн нэмлээ. Энэ нь тээврийн алдагдлыг бууруулах, тус байгууллагын санхүүгийн алдагдлыг олон арван тэрбум төгрөгөөр бууруулах боломж нээгдсэн гэсэн үг юм. Хос төмөр замын эхлэл Ямар ч байсан Х.Хэрлэн дарга хоёр хөрштэй учраа ололцож УБТЗ-ыг ашигтай ажиллуулах яриа хэлэлцээнд санасандаа хүрч чадаад байна. Энэ оны эхээр Хөх хотын төмөр замын дарга Дай Хунтай цахимаар уулзахдаа Эрээн өртөөг өргөтгөх, Эрээн-Жинин хоорондын төмөр замын нэвтрүүлэх чадавхийг нэмэгдүүлэх тухайгаа тохирч Замын-Үүд-Эрээн өртөөгөөр хоногт өргөн царигаар 20 хос галт тэрэг солилцох асуудлыг техникийн хувьд шийдчихсэн. Ингэснээр Замын-Үүдээр нэвтрэх манай экспортын ачааны хэмжээ 50 орчим хувиар нэмэгдэнэ. Мөн “РЖД” НХН-ийн ерөнхий захирал О.Белозёровтой 2-р сард уулзахдаа Наушки-Улаан-Үдийн хооронд замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг эхлүүлэхээр болсон. Үүний дүнд Сүхбаатар-Наушки өртөөгөөр хүлээлгэн өгөх хос галт тэрэгний тоо 10 байсан нь 14 болон нэмэгдэж Монголоор дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэнэ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гол “туг” болсон Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан Боомтын сэргэлт хүрээнд төмөр замын салбар дээрх чамлахааргүй шинэчлэл, ахиц дэвшлүүдийг үзүүллээ. Эдгээрийнх нь “оргил” нь гэвэл хос төмөр замын асуудал ажил хэрэг болж байгаа явдал юм. УБТЗ-ынхан гол төмөр замынхаа хажуугаар хоёрдогч зам барьж хос төмөр замтай болох ажлыг Замын-Үүд 2-Шаргын овоо хоорондын 14.2 км замыг хос болгохоос эхэлсэн. Мөн Замын-Үүд-Эрээний хооронд нарийн царигийн хоёр дахь замыг барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Авлигыг цахимаар ялсан нь… Одоо хамгийн халуун цэг рүү оръё. Энэ бол олон хүний ашиг сонирхол, баяжиж хөлжсөөр ирсэн “замнал”-тай холбоотой “тэмцэл” байлаа гэж…Төмөр замын ачаа тээврийн захиалга гэж хамгийн их хардлага дагуулсан, хардахаас ч аргагүй авлигын халуун цэг байв. Энэ авлигатай тэмцэх ганц гарц нь хүний оролцоогүй болгох, ил тод нээлттэй дэлгэх л зам байсан. Товчхондоо гуравхан хүн ширээ тойрч суугаад л хэний ачаа тээврийг хэзээ нэвтрүүлэхийг шийддэг, бусад нь “таалалд нийцэхээ” хүлээгээд хоног тутамд талбайн хөлс төлөөд талбайн эздийг баяжуулаад хохироод хүлээж суудаг байсан. Хуваарьт арайхийн багтсан ч хэн нэгэн дарга сайдаар овоглосон захиас даалгавартайгаар шууд “дээрэмдээд” хуваарьтай вагоноо алдчихдаг байж. Тиймээс экспортын тээврийн захиалга болон ачилтын дарааллыг цахим системд шилжүүлсэн. Одоо УБТЗ-аас вагон олголт, хуваарилалтад хөндлөнгөөс ямар ч том дарга цэрэг оролцох боломжгүй зөвхөн вагон эзэмшигчдээс ачилтын захиалгыг цахимаар авч, өөрийн эзэмшлийн вагонгүй иргэн, ААН-үүд экспортын ачилт хийлгэхээр бол хувийн вагон эзэмшигчдэд хандахаас өөр гарцгүй болсон. Энэ нь авлига хүнд суртлыг арилгаж, удаан хугацаанд үндэслэлгүйгээр хөрөнгөжиж ирсэн, ашиг сонирхлын сүлбээтэй гинжин холбоог тас цохиж сандаргасан байж мэдэх ч иргэд, ААН-үүд туйлаас ам сайтай байна. Хэний ч хийж чадаагүй энэ арга барил, цахим систем өнөөдрийн байдлаар УБТЗ-аар үйлчлүүлэгч 560 гаруй байгууллага, ААН-ийг хамруулаад байгаа бөгөөд “манай ачаа хэзээ гарах вэ” хэмээн царайчилж, илүү орлого буюу авлига санал болгох бус цахимаар хуваарилсан цаг хугацаа, өгөгдсөн вагоныг бүгдэд харагдаж буй самбараас хараад түүнийгээ мөрдөж буй нь нисэх буудлын онгоц хөөрөх, буух хуваарийн нэгэн адил хэн ч зөрчих, хэнийг ч хардах хэрэггүй болгосон маш зөв алхам мөн. Хэрэв үүнийг эрт хийсэн бол нүүрс тээврийн үнэ “нисэж”, аманд багтамгүй авлигын хэмжээ өсөж хэсэг бүлэг хүмүүсийг хуульгүй мэт баяжуулахгүй л байх байж. Гэвч оройтсон ч гэсэн зөв алхмыг эхэлсэн нь сайн хэрэг. Ингээд авлигагүй аргаар экспортын тээвэр, хос төмөр замаар зөөгдөж хүнд сурталгүй, хурдан шуурхай тээвэрлэгдэн экспортын хэмжээ нэмэгдэх болсныг л “Боомтын сэргэлт”, “Шинэ сэргэлтийн бодлого” гэхгүй бол юуг “Боомтын сэргэлт”, “Шинэ сэргэлтийн бодлого” гэх вэ?