ХОТ БАЙГУУЛАЛТ БОЛОН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалт, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1 дэх заалт, 23 дугаар зүйлийн   23.3.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн болон газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллагуудад үүрэг болгосугай:

            1.1.хот байгуулалтын баримт бичиг, нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт баригдах барилга байгууламжийн инженерийн дэд бүтцийн асуудал болон барилга байгууламж, авто зам, тохижилтын ажлын зөвшөөрөл олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар (Ц.Тулга)-т;

            1.2.газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулах, газрын зориулалт, талбайн хэмжээ, байршилд өөрчлөлт оруулах, эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, хугацаа сунгах, хүчингүй болгох болон түүнтэй холбогдох бусад ажлыг хууль тогтоомжийн дагуу шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба (Г.Батзориг)-нд.

            2.Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн болон газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг уялдуулан, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн ерөнхий архитектор Ц.Нацагдоржид даалгасугай.

            3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатарт үүрэг болгосугай.

            4.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Мэргэжлийн зөвлөл (комисс)-ийн дүрэм, бүрэлдэхүүнийг батлах тухай” Нийслэлийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/89 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                                                                                                                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                                                                                                                БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                                                                                                                ХОТЫН ЗАХИРАГЧ           Д.СУМЪЯАБАЗАР                                                        

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.