ЭХНИЙ ЗОРИЛГО НЬ НӨХӨН СОНГУУЛЬ, ДАРААГИЙН ЗОРИЛГО НЬ ХЭРГИЙГ ЗАМХРУУЛАХ ГЭСЭН САНААТАЙ ОРОЛДЛОГО...

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт гурван шатны шүүхээр 25 жилийн ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг алуурчин биш гэж хэн ч нотлоогүй.

Улсын дээд  шүүхээс тэднийг батлан даалтад гаргахдаа сэжигтэн хэвээр нь үлдээж, гэхдээ эрүүдэн шүүлгүйгээр энэ хэргийг дахид мөрдөөд ир гэж прокурорт буцаасан. Гэтэл нөхөн сонгуулийн өмнө хүн амины онц ноцтой хэрэгтнийг урьж залаад уйлуулж, дуулуулаад жүжиг тоглуулж байгааг харвал Ерөнхийлөгчийн амалсанчлан Монголд хууль засагладаг шударга нийгэм тогтоход хаа ч байсан юм. 

Товчхондоо, Ц.Нямдорж Төрийн ордонд байгаа цагт Монголд шударга ёс тогтохгүй гэдгийг бүгд харлаа, мэдлээ.

Т.Чимгээг телевизийн камерын өмнө уйлуулж, дуулуулсан нь ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн хүслээр, Ерөнхий сайдын албан бус зөвлөх Х.Баттулгын найруулга дор энэ бүх жүжиг тоглогдсон байх магадлалтай. 

Эхний зорилго нь  нөхөн сонгууль, дараагийн зорилго нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг ингээд замхруулах гэсэн санаатай оролдлого. Х.Нямбаатарын хэлснээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг дээр ажиллаж байгаа ажлын хэсгийг шинэчлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн нь үнэндээ Ц.Нямдоржийн хүсэл сонирхол гэхэд бодит үнэнээс лав хол зөрөхгүй.  

Олон жил С.Зоригийн ясыг өндөлжүүлж, сүнсийг нь төөрөлдүүлж,Ардын намынхан сонгуульд энэ хэргийг ашиглахаараа нэг боллоо. Одоо, хэргийг нь төрийн нууцаас бүхэлд нь гаргаж чадах эсэх нь гагцхүү У.Хүрэлсүхийн эр зоригоос шалтгаалахаар болж.

 Тэгээд ч “Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ” гэж Ерөнхийлөгч өөрөө хэлдэг, зөвлөдөг.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.