ЗАМЫН-ҮҮД БООМТООР ХАР ТАМХИ НЭВТРҮҮЛЭН ХУДАЛДААЛСАН 3 ЭТГЭЭДЭД ЯЛ ОНООЛГҮЙ 2 ЖИЛИЙН НҮҮРИЙГ ҮЗЭЖ БАЙНА
Хар тамхины хэргээр яллагдагчаар татагдсан Ч.Б, М.М, Ч.Б нарт холбогдох хэрэг 2017 оноос хойш шалгагдаж байгаа бөгөөд одоог хүртэл эцэслэн шийдэгдээгүй шүүхийн шатанд гацсан хэвээр байна. Тэд хар тамхи борлуулж, өндөр их ашиг олохын тулд урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, хамтран хар тамхи борлуулсан болох нь шалгалтаар тогтоогдсон байдаг. Хэргийг эргэн сануулбал, Ч.Б, М.М, Ч.Б 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн боомтоор хар тамхины төрөлд хамаарагдах 34.3912 грамм мөсийг нууцаар нэвтрүүлж, хууль бусаар бусдад зарсан хэрэг үйлджээ. Монгол Улсын хилээр хууль бусаар хар тамхи мансууруулах төрлийн бодис бүлэглэн нэвтрүүлсэн хэргээр дээрх этгээдүүдэд 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан юм. Улмаар хар тамхи бүлэглэн улсын хилээр нэвтрүүлж, борлуулсан гурван этгээд болох Ч.Б, М.М, Ч.Б нарыг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Гэтэл уг хэрэг тус шүүхэд материалжуулан шилжүүлснээс хойш хоёр жилийн хугацаанд шүүхийн шатанд хянагдсан хэвээр байна. Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч нар хар тамхи хилээр нэвтрүүлж, зохион байгуулалттайгаар зарсан этгээдүүдийн хэргийг юуны учир өнөөдрийг хүртэл шийдээгүй нь олон хардлагыг араасаа дагуулсаар буй.