НИЙСЛЭЛИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАР (НШШГГ)-ЫН ДАРГА АСАН, ХУРАНДАА Б.ЦОГЖАРГАЛ ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОХ БҮРТЭЭ ТУШААЛ “ДЭВШДЭГ” ҮҮ ?
О.Магнайгийн ээжид давуу байдал бий болгосон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын дарга асан, хурандаа Б.Цогжаргал-ын хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мөрдөн байцаалтад буцааж байсан бол хэргийн мөрдөн байцаалт дуусч хэргийг дахин прокурорт шилжүүлжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон”, 17.3-1 дэх хэсгийн бусдын эд хөрөнгө залилсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдээд байсан юм. Хэргийн талаар тодруулбал, “Седарс” гэх ХХК-иас 723.8 сая гаруй төгрөг гаргуулахаар хандсан төлбөр авагч иргэн С.Отгонжаргал буюу О.Магнайгийн ээжид давуу байдал бий болгох зорилгоор Б.Цогжаргал тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч 143 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч нартай хамтарч 2018 оны тавдугаар сарын 2-ноос зургадугаар сарын 21-нийг хүртэлх хугацаанд албаны чиг үүргээ хэрэгжүүлэлгүй, “Седарс партнерс” ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн байдаг. Үүний улмаас “Седарс партнерс” ХХК-ийн Баянгол дүүргийн нутагт байрлах 332 ам метр талбай бүхий эзэмших эрхийн гэрчилгээтэй газар болон 25.5 хувийн гүйцэтгэлтэй байсан, дутуу барьсан барилгыг иргэн С.Отгонжаргал болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд шилжүүлэн давуу байдал бий болгож, уг компанид 1.1 тэрбум гаруй төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан. Ингэхдээ төлбөр авагч С.Отгонжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Магнай, Ж.Очирхуяг нартай уулзсаны дараа, тэдэнд давуу байдал бий болгох зорилгоор шийдвэр гүйцэтгэгчид дам нөлөөлж, “Илүү хурдан шуурхай ажиллагаа явуул, яг наад материалаа хурдан шийд, одоо гараад шийд, үр дүн гарга” гэх зэргээр удаа, дараа үүрэг чиглэлийг өгч байсан хэмээн буруутгадаг. Мөн “Седарс партнерс” ХХК-ийн эзэмшлийн газрын хуучин гэрчилгээг хүчингүй болгож, эзэмших эрхийг нь “төлбөр авагч С.Отгонжаргалын нэр дээр шилжүүлэн шинээр гэрчилгээ олгож хариу ирүүлнэ үү” гэсэн албан бичиг ч дээрх хүмүүс Нийслэлийн газрын алба, Баянгол дүүргийн улсын бүртгэлийн тасагт хүргүүлсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Отгонжаргалын хэргийг хариуцсан 182 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийг ажлаа хийж байхад нь “хариуцсан тойргийн шийдвэр гүйцэтгэгч байхгүй учир энэ материалд ажиллагаа хий” гэж 143 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Г.Идэрчулуунд хариуцуулж өгсөн нь ч тогтоогдсон. Хууль зөрчин төлбөр төлөгч “Седарс” бус, тус аж ахуйн нэгжийн охин компани болох, шийдвэр гүйцэтгэх хуудаст заагаагүй “Седарс партнерс” ХХК-ийн эзэмшлийн газар болон дутуу барьсан барилга зэрэг үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хураан авсан, “Седарс” ХХК-ийг төлөөлөх эрх нь дууссан иргэн Ц.Цэцэнбилэгийг эрүүгийн болон зөрчлийн хэрэг үүсгэнэ, цагдан хорино гэж дарамтлан “С.Отгонжаргалд өгөх 723.8 сая төгрөгийн төлбөрт “Седарс партнерс” ХХК-ийн эзэмшлийн газар болон дутуу баригдсан барилгыг шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй” гэсэн бичиг хийлгэж, тамга даруулсан. “Седарс партнерс” ХХК-ийн газар болон дутуу гүйцэтгэлтэй барилгыг төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Очирхуягт шилжүүлэн өгч, хадгалалт хамгаалалтыг хариуцуулсан нь ч шалгалтаар тогтоогджээ. Баянгол дүүргийн II хорооны нутаг дахь газарт Ливан улсын иргэн Мохамад Зухуэр Итан хөрөнгө оруулж бариулсан, 11 давхар шилэн фасадтай, дөрвөн тэрбум төгрөгийн өртөгтэй барилгыг 723 саяын өр төлбөрт тооцон шилжүүлсэн байдаг. Дашрамд дуулгахад уг хэрэгт яллагдагчаар татагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын дарга асан, хурандаа Б.Цогжаргал өнөөдрийг хүртэл ажлаа хийж байгаа. Түүнтэй хамт энэ хэрэгт татагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид ажлаасаа чөлөөлгдсөн байхад Б.Цогжаргал чөлөөлөгдөхгүй ажлаа хийсээр байгаа ба эх сурвалжуудын мэдээллээр хурандаа Б.Цогжаргал гэмт хэрэгт холбогдох бүртээ тушаал “дэвшдэг” ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шударга бус байдал үүслээ гэх болсон бөгөөд бид түүнээс тус хэргийг тодруулж энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.