МОНГОЛЫН ХОЁР УЛСТӨРЧ ОФФШОРЧДЫН ЖАГСААЛТАД БАГТЖЭЭ

Дэлхийн алдартай баячууд, олны танил одод, Европ, Ойрхи Дорнод, Өмнөд Америкийн голдуу удирдагч нар оффшор компаниудаа ашиглан, сая сая ам.долларын татвараас зайлсхийдэг тухай баримтууд задарчээ.

Тухайлбал, оффшор бүсийн 14 банкнаас олж авсан Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын шинжлэн судалсан “Пандора баримт”-д 100 гаруй тэрбумтан, одоо ажиллаж байгаа болон суудлаасаа буугаад удаагүй 35 удирдагч, 300 орчим төрийн өндөр албан тушаалтан, тэр дундаа Монголын хоёр ч улстөрчийн нэр багтжээ. Түүнийг олон улсын 600 сэтгүүлчээс бүрдсэн баг судалж, эхний ээлжийн мэдээллийг өчигдөр (2021.10.03) нийтэд ил болгосон байна.

Сайтын “Пандора баримт”-тай холбоотой хуудсын “Хүчирхэг тоглогч” бүлэгт нийтэлсэн мэдээллүүдээс харвал, дээр дурдсан Монголын хоёр албан тушаалтны нэг нь Ерөнхий сайд асан С.Батболд аж. Түүнийг "Улстөрч болохоосоо өмнө уул уурхайгаар баяжсан, гэрээ байгуулахдаа олон зуун сая ам.доллар хувьдаа завшсан хэргээр Нэгдсэн Вант улс, Сингапур, АНУ-ын шүүхэд дуудагдсан" гэж тодотгосон байна.

С.Батболдын АНУ дахь өмгөөлөгч Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумд хандан “С.Батболд өөрийнх нь тухай нийтлэгдсэн мэдээллийг үгүйсгэж байгаа бөгөөд аль ч шүүхээр гэм буруутайг нь тогтоогоогүй байгаа” гэж мэдэгдсэн аж.

“Пандора баримт”-д дурдсаныг үзвэл, С.Батболд 2006 оны дөрөвдүгээр сард, Үйлдвэр, худалдааны сайд байхдаа "Quantum Lake Trust" үл хөрөнгө итгэмжлэх нэгжийг Английн Гернсигийн санхүүгийн төв оффшор бүсэд байгуулсан аж. Тус нэгж нь Нэгдсэн Вант улсын "Premier Edge" ХХК-ийг эзэмшдэг бөгөөд С.Батболд 2005 онд анхны хувьцаа эзэмшигч нь болж байжээ.

Түүнчлэн 2006 онд "Premier Edge" ХХК Лондонд тансаг зэрэглэлийн амины хоёр орон сууцыг 8.8 сая ам.доллараар худалдан авсан нь ил болжээ.

Харин зөвлөхүүд нь энэ талаар “С.Батболд хууль ёсны дагуу үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан бөгөөд Монголын хуулийг чанд дагаж мөрдсөн. С.Батболд уул уурхайн салбарт орохоосоо өмнө гэр бүлээрээ Лондонд амьдарч байсан нь нууц биш” гэж мэдэгдсэн байна.

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн баг одоогийн байдлаар гартаа оруулсан нийт мэдээллийнхээ ердөө дөрвөн хувийг л боловсруулсан нь энэ юм. Тиймээс нэр холбогдсон хүн бүрийн мэдээллийг олон нийт нарийн мэдэх боломжгүй байна.

Эх сурвалж: news.mn

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.