1-3 ДАВХАР “АВТОМАШИНЫ ЗОГСООЛ”-ЫГ СПОРТЫН ТӨВ ОРДНЫ БАРУУН ТАЛД БАРИХААР ТӨЛӨВЛӨӨД БАЙНА

2021 оны байдлаар улсын хэмжээнд 1.2 сая тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 53.6 хувь буюу 662 мянга нь Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцож, нэг өрхөд дунджаар 1.5 машин ногддог аж.

Нийслэлийн хэмжээнд 216 га талбайд 72.6 мянган тээврийн хэрэгслийн зогсоолтой. Нийслэлийн Замын хөгжлийн газар энэ онд 74 байршилд 2,104 авто зогсоолд иргэд, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа.

Өдөрт замын хөдөлгөөнд 350-450 мянган тээврийн хэрэгсэл оролцдог бөгөөд 69 хувь нь хувийн тээврийн хэрэгсэл. Төлбөртэй болон төлбөргүй зогсоолын сэлгэлтийн судалгаа хийхэд, төлбөргүй зогсоолын дүүргэлт өглөө 09:00 цагийн байдлаар 100 хувь, өдрийн турш сэлгэлт 16 хувь байжээ. Харин төлбөртэй зогсоолын сэлгэлт 100 хувь.

Бага тойруу орчмын авто зогсоолыг судлахад 184 байршилд 4,857 тээврийн хэрэгслийн зогсоол тоологдсон.

Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд газар доорх авто зогсоол байгуулах, их багтаамжтай авто зогсоол байгуулах, автомат, ил давхар зогсоол байгуулах, гудамж, зам дагуу авто зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлэхээр судалгаа хийжээ.Энэ хүрээнд Спортын төв ордны баруун талд, “Блю мон” төвийн зүүн талд ногоон байгууламжтай тохижилт бүхий газар доорх 1-3 давхар зогсоол барьж байгуулахаар төлөвлөжээ. Мөн III, IV хорооллын худалдааны төв орчим, Хүүхдийн 100 орчимд авто зогсоолын менежмент хийхээр төлөвлөж байгаа аж.

Газар доорх зогсоолуудыг байгуулснаар тухайн газрын одоо байгаа зогсоолын тоо 2-3 дахин нэмэгдэхээс гадна ногоон байгууламж нэмэгдэх давуу талтай.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.