25 April 2020
10 mins read
159k Views
Хөгжлийн банкны чанаргүй зээлийн 3/2 хувь нь төлөгдсөн ч зарим нэг нь сугарч үлдэх хандлага ажиглагдаж эхлэв.Одоогоор ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирал Н.Мөнхбат тэргүүтэй нэр бүхий тухайн үеийн удирдлагуудыг цагдан хориод буй бөгөөд өмнө нь шүүхээр таслуулж байсан удаатай. Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат нь “Монлаа” ХХК-д давуу байдал олгож улсад их хэмжээний хохирол учруулсан ч хуучин эрүүгийн хуулийг ашиглаж хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн байдаг. “Мон Лаа” ХХК-иас 8.2 тэрбум төгрөгийг гаргуулан Хөгжлийн банканд олгуулахаар шийдвэрлэсэн. Гэвч өнөөдрийг хүртэл тус компани нэг ч төгрөг Хөгжлийн банканд буцааж тушаагаагүй . Өмнө нь “Мон Лаа” компанийн гүйцэтгэх удирдлагаар Х.Энхсайхан ажиллаж, УИХ-ын гишүүн асан М.Билэгт 2015 оныг хүртэл хувь, хувьцаа эзэмшдэг байсан юм. Хөгжлийн банкны ТУЗ-ийн 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 52 дугаар тогтоолоор “Мон Лаа” ХХК-д зээл тодорхой нөхцөлөөр зээл Н.Мөнхбатад олгосон байдаг. Гэтэл Н.Мөнхбат нь албан тушаалаа урвуулан ашиглаж, Элстэйн төмрийн хүдрийн уурхайд нойтон баяжмалын үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг “Мон Лаа” ХХК хийгээгүй, батлуулаагүй байхад албан тушаалаа ашиглаж зээл олгох шийдвэрийг гаргасан. Мөн Эрсдэлийн удирдлагын хорооны дүгнэлт өндөр эрсдэлтэй хэмээн үзсэн ч үл тоосон. Н.Мөнхбат "Уг компани зээл авахдаа ТЭЗҮ-ийг батлуулсан байхад зээл олгосон" гэж мэдүүлсэн ч “Мон Лаа” ХХК-ийн захирал Х.Энхсайхан "зээл авах үед ТЭЗҮ-ийг батлуулаагүй байсан" гэдгээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн. Ийнхүү хууль хяналтынхан Н.Мөнхбат нь захирлаар ажиллаж байхдаа “Мон Лаа” ХХК-д давуу байдал олгож, 3 сая ам.доллар буюу 5 тэрбум 642 сая 970 мянган төгрөгийг олгосонг хавтаст хэрэгт нотлох баримтуудтай хавсаргажээ. АТГ-аас Н.Мөнхбат, Б.Шинэбаатар нарын хэргийг шалгаж, тусгаарлаад үндэслэл бүхий яллах дүгнэлттэйгээр шүүхэд 2017 онд шилжүүлсэн байдаг. Үүнээс хойш анхан шатны хурлыг санаатайгаар хойшлуулах, нэмэлт баримт цуглуулах зэрэг шалтгаанаар хойшлуулсан. Ийнхүү явсаар 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Н.Мөнхбат нарыг буруугүй гэж үзсэн. Уг шийдвэрийг прокурор Б.Баярхүү, Т.Оргил-Очир нар эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Улмаар УДШ 2020 онд уг хэргийг хэлэлцэж, анхан шат руу буцааснаар 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр эцэслэн шийдэгдсэн байдаг. Бүх зүйл анхнаасаа тодорхой байсан атал Н.Мөнхбат нарын хэрэг удааширсаар эцэст нь шүүхээс Н.Мөнхбатыг “Мон Лаа” ХХК-д давуу байдал олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан гэж үзсэн ч ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ хугацаа дууссан хэмээж хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Одоо Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, Ч.Энхбат тэргүүтэй Хөгжлийн банкны удирдлагуудыг цагдан хориод шалгаж байгаа. Ер нь хуулийн цоорхой ашиглаж уснаас хуурай гарах хүмүүс олонтаа. Үргэлжлэл бий