БОКСЫН ХОЛБООНЫ ГАДУУРХАЛТ БУЮУ Э.ЦЭНДБААТАР, Г.БАДРАХ

Монгол Улсын боксын холбоо МУГТ Э.Цэндбаатарыг архидан согтуурч танхайрсан асуудлаар хуралдаж холбооноос хурал зарласан нь олон нийтийн дургүйцлийг хүргээд авсан билээ. Холбооныхон тамирчдын эрх ашгийг хамгаалж, тэднийг Олон улсын тэмцээнд оролцох боломжийг хангах чиг үүрэгтэй атал хавчин гадуурхаж Э.Цэндбаатарын нэр хүндийг гутаахаар мэдэгдэл хийсэн юм.


Э.Цэндбаатар ирэх ДАШТ д оролцох хүсэлтэй илэрхийлэн тус холбооны удирдлагуудад мөнгөн аяга, алд цэнхэр хадаг барьж, сөгдөж уучлалт гуйснаар уг асуудал сүр дуулиантай шийдэгдсэн.  

Монголын боксын холбоо үнэхээр асуудал гаргасан, гэмт хэрэгт нэр холбогдсон тамирчид, удирдлагууддаа хариуцлага тооцож, шударгаар ажиллаж байна уу гэвэл үгүй. 

Тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, олимпын зэрэглэлийн шүүгч Ганболдын Бадрах нь 2019 онд гадаадад хар тамхины төрлийн бодис тээвэрлэж яваад баригдаж байсан. Тодруулбал, Орос, Латвийн хил дээр 2019 оны 10 дугаар сарын 28-ны 17 цаг орчимд албан паспорттай Монгол Улсын иргэн Ганболдын Бадрах, Цолмонгийн Энхболд нар их хэмжээний ачаа тээвэрлэж яваад Латвийн хилийн Шалган нэвтрүүлэх албаны ажилтнуудад саатуулагдаж байв. 

Тэд их хэмжээний тээшийг D012039, D012046 дугаартай хоёр Peugeol Bohxer автомашинд хуваан хийсэн байсан юм. Монгол Улсын дипломат шуудангийн зар наасан автомашинууд Варшав дахь Монгол Улсын Элчин сайдын яамны машинууд байсан гэдгийг тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд онцлон мэдээлж байсан юм.

Саатуулагдсан Цолмонгийн Энхболд гэгч нь 2013-2016 онд БН Казахстан улсын Алмата хот дахь элчин сайдын яаманд дипломатаар 2016 оноос ТЕГ-т ажиллаж байсан нэгэн. Харин хамт тамхи зөөвөрлөсөн асуудлаар саатуулагдсан Ганболдын Бадрах нь боксын Олон улсын хэмжээний шүүгч, өдгөө Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг хашдаг. 

Тус холбоо олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж, хар тамхи зөөвөрлөж байгаад үйлдэл дээрээ баригдсан эрхэмд хариуцлага хүлээлгэх асуудал одоог хүртэл ярихгүй байгаа нь хачирхалтай. 

Харин ч Монгол  Улсын нэрийг Олон улсад муугаар гаргаж хэрэгт холбогдон шалгагдаж байсан түүнийг өдгөө хэргэм ахиулж Олон улсын сонирхогчдын боксын холбоо /AIBA /-нд Монголын анхдагч төлөөлөгч болгожээ.

Г.Бадрахын ажлын түүхээс хуваалцвал: 2013 оноос шүүгчээр ажиллан, 2014 онд AIBA-гийн шүүгч болж тив, дэлхийн олон тэмцээнийг ринг дээр шүүн дэнсэлсэн бөгөөд энэ оны 2 дугаар сараас МБХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон, ажиллаж байна.

Энэ хоёрын асуудлын дэнслэн үзвээс, тус холбооны гаргасан шийдвэр шударга бус  гэдгийг харуулах бөгөөд медаль авах магадлал өндөр тамирчнаа гадуурхаж, харин хэрэгт холбогдсон нарийн бичгийн даргаа өргөмжлөөд боломж олгоод байна гэлтэй. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.